Исаиа
58 «Чанга хашхир. Бүү дуугүй бай!
Эвэр бүрээ мэт чанга дуугар.
Миний ард түмэнд тэрслүү явдлыг нь,
Иаковын үр удамд нүглийг нь тунхагла.
2 Тэд зөвийг үйлддэг юм шиг,
Бурхныхаа шударга ёсыг орхигдуулаагүй үндэстэн шиг
Миний зааврыг өдөр бүр хайж,
Миний шаардлагуудыг мэдэх дуртай гэж хэлдэг.
Бурхантай ойр дотно байхыг хүсдэг мэт дүр үзүүлэн
Шударгаар шүүхийг надаас гуйдаг.
3 Тэд: “Биднийг мацаг барихад та яагаад хардаггүй юм бэ?
Өөрсдийгөө зовооход яагаад анзаардаггүй юм бэ?” гэж асуудаг.
Яагаад гэвэл та нар мацаг барих өдрөө хувийн ашиг сонирхлоо боддог.
Хөлсний ажилчдаа дарамталдаг.
4 Та нарын мацаг хэрүүл маргаан, зодоон цохионоор дуусдаг.
Та нар хүмүүсийг нударгаараа хайр найргүй балбадаг.
Ийм маягаар мацаг бариад байвал дуу хоолой чинь тэнгэрт хүрэхгүй шүү.
5 Мацаг барь гэхээр та нар ингэж барьдаг юм уу?
Энэ өдөр та нар өөрсдийгөө зовоон
Толгойгоо зэгс мэт гудайлган
Таар, үнсэн дээр хэвтдэг юм уу?
Тэгээд үүнийгээ мацаг барьж байна, Еховагийн тааламжит өдөр байна гэх үү?
6 Үгүй дээ, миний хүсдэг мацаг бол
Хилсээр дөнгөлсөн дөнгийг мулталж,
Буулгын олсыг тайлж,
Дарлагдсан хүнийг суллаж,
Буулга бүрийг эвдэх юм.
7 Мөн өлссөн хүнтэй талхаа хувааж идэн,
Орон гэргүй, ядуу хүнийг гэртээ авчран,
Өмсөх хувцасгүй нэгнийг хувцаслаж,
Элэг нэгтнээсээ нүүр буруулахгүй байх юм.
8 Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ мэт гийж,
Чи хурдан эдгэрнэ.
Чиний зөв шударга байдал урд чинь алхаж
Еховагийн суу алдар араас чинь хамгаална.
9 Чамайг дуудахад Ехова хариулна.
Тусламж гуйн хашхирахад чинь тэрбээр: “Тэгье, тусалъя!” гэж хэлнэ.
Хэрэв чи хүмүүсийг дарладаг буулгыг авч хаян
Хуруугаараа чичихээ больж, хорон үг хэлэхээ байвал,
10 Идэхийг хүссэн зүйлээ өлссөн хүмүүст өгч,
Зовсон хүмүүст санаа тавивал
Гэрэл чинь харанхуйд ч гийнэ.
Харанхуй чинь үд дунд мэт болно.
11 Чамайг Ехова байнга удирдаж,
Ангасан газар байхад чинь ч халамжилна.
Тэрбээр чамд* хүч тэнхээ хайрлана.
Чи усалгаа сайтай цэцэрлэг мэт,
Шавхагдашгүй устай булаг мэт болно.
12 Эртний хотын балгасыг чиний төлөө сэргээн босгоно.
Өнгөрсөн үеийнхний суурийг чи сэргээнэ.
Нурсан хэрэм засварлагч гэж чамайг дуудна.
Хүмүүс чиний сэргээн зассан зам дагуу дахин амьдрах болно.
13 Миний ариун Амралтын өдөр чи өөрийн эрх ашгийг эс бодон,
Энэ өдрийг баярын өдөр, Еховагийн ариун өдөр, хүндэтгэлийн өдөр гэж нэрлэн,
Эрх ашгаа бодох юм уу дэмий үг хэлэхийн оронд энэ өдрийг чухал гэж үздэг бол
14 Ехова би чиний баяр баясгалан болно.
Би чиний мэдэлд уулсыг өгнө.
Өвөг эцэг Иаковын чинь өвөөр чамайг тэтгэнэ.
Учир нь Ехова би үүнийг айлдсан юм».