Левит
14 Тэгээд Ехова Мосед 2 «Уяман өвчтэй хүн цэвэр болох үед сахих хууль нь дараах юм. Уяман өвчтэй хүнийг тахилч дээр аваачихад 3 тахилч хуарангийн гадна гарч тэр хүнийг үзнэ. Хэрэв эдгэсэн байвал 4 тахилч тэр хүнийг цэвэр болгохын тулд хоёр амьд цэвэр шувуу, хуш мод, час улаан даавуу, хиссоп авчрахыг тушаана. 5 Тахилч нэг шувууг нь булгийн устай шавар саван дээр нядлахыг тушаана. 6 Харин амьд шувууг хуш мод, час улаан даавуу, хиссоптой хамт аваад устай шавар саван дээр нядалсан шувууны цусанд дүрнэ. 7 Тэгээд тахилч тэр цуснаасаа уяман өвчнөөс ангижирсан хүн рүү долоон удаа цацаад тэр хүнийг цэвэр гэж зарлах ёстой. Харин амьд шувууг хээр талд суллан тавина.
8 Мөнөөх хүн хувцсаа угаагаад бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь хуаранд орж болно. Гэхдээ долоон хоног майхнаасаа гадуур байх ёстой. 9 Долоо дахь өдөр нь тэрбээр толгойн үс, сахал, хөмсгөө хусна. Бүх үсээ хуссаныхаа дараа хувцсаа угааж, усанд ороод цэвэр болно.
10 Найм дахь өдөр нь тэрбээр согоггүй хоёр залуу эр хонь, согоггүй нэг эм хурга болон тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаас идээн өргөлд зориулан ефагийн аравны гурвыг*, мөн нэг лог* тос авчрах ёстой. 11 Цэвэр гэж зарласан тахилч нь тэр хүнийг өргөл тахилуудтай нь хамт цугларалтын асрын үүдэнд Еховагийн өмнө аваачна. 12 Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилд зориулан нэг залуу эр хонийг авч нэг лог тостой хамт өргөх бөгөөд тэдгээрийг Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллана. 13 Дараа нь гэмийн төлөөх тахилын залуу эр хонийг нүглийн төлөөх тахил, шатаалт тахил нядалдаг ариун газар нядална. Энэ нь нүглийн төлөөх тахилын адил тахилчийнх болно. Энэ нь маш ариун билээ.
14 Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилын цуснаас аваад өнөөх хүний баруун чихний гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруунууд дээр түрхэнэ. 15 Мөн тахилч нэг лог тосноос авч, зүүн гарынхаа алган дээр асгана. 16 Тэгээд тэр тосондоо баруун гарынхаа хурууг дүрж Еховагийн өмнө долоон удаа цацна. 17 Тахилч алган дахь үлдсэн тосноосоо өнөөх хүний гэмийн төлөөх тахилын цус түрхсэн баруун чихний гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруунууд дээр давхарлаж түрхэнэ. 18 Тэгээд алган дахь үлдсэн тосоо толгойд нь түрхэж Еховагийн өмнө нүглийг нь уучлуулна.
19 Тахилч нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраас цэвэршсэн хүний нүглийг уучлуулна. Дараа нь шатаалт тахилын малыг нядалж, 20 шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр өргөнө. Ингэж тахилч түүний нүглийг уучлуулах бөгөөд тэр хүн цэвэр болно.
21 Гэвч тэр хүн ядуу бөгөөд ийн өргөх боломжгүй бол нүглээ уучлуулахын тулд даллах өргөлд зориулан гэмийн төлөөх тахилд нэг залуу эр хонь, идээн өргөлд зориулан тостой хольсон нарийн ширхэгтэй гурил ефагийн аравны нэгийг*, бас нэг лог тос авчрах ёстой. 22 Мөн боломждоо тааруулан хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой. Нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон өргөх юм. 23 Тэрбээр цэвэр болохын тулд найм дахь өдөр нь тэдгээрийг Еховагийн өмнө цугларалтын асрын үүдэнд аваачна.
24 Тахилч гэмийн төлөөх тахилын залуу эр хонийг нэг лог тостой авч, Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллах ёстой. 25 Дараа нь залуу эр хонио нядалж, цуснаас нь аваад өнөөх хүний баруун чихний гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруунууд дээр түрхэнэ. 26 Мөн тахилч тосноос авч, зүүн гарынхаа алган дээр асгана. 27 Тэгээд алган дахь тосноосоо баруун гарынхаа хуруугаар Еховагийн өмнө долоон удаа цацах ёстой. 28 Бас тэр тосноосоо өнөөх хүний гэмийн төлөөх тахилын цус түрхсэн баруун чихний гэдэс, баруун гар хөлийнх нь эрхий хуруунууд дээр давхарлаж түрхэнэ. 29 Тэгээд алган дахь үлдсэн тосоо толгойд нь түрхэж Еховагийн өмнө нүглийг нь уучлуулна.
30 Тахилч тэр хүний боломждоо тааруулан авчирсан хүүрзгэнэ юм уу залуу тагтааг өргөнө. 31 Боломждоо тааруулан авчирсан тэр тахилынх нь нэгийг нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон идээн өргөлийн хамт өргөх ёстой. Ийнхүү Еховагийн өмнө нүглийг нь уучлуулна.
32 Энэ бол цэвэр болоход хэрэгтэй өргөлийг өргөх боломжгүй уяман өвчтэй хүний талаарх хууль юм» гэж айлджээ.
33 Дараа нь Ехова Мосе Аарон хоёрт 34 «Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутаг руу та нарыг орсны дараа эзэмшил нутгийн чинь байшинд уяман* гарахыг би зөвшөөрвөл 35 байшингийн эзэн тахилч дээр очоод “Манай байшинд уямангийн толбо гарчихлаа” гэж хэлэх ёстой. 36 Тахилч байшин доторх бүх зүйлийг бузарт тооцохгүйн тулд толбыг үзэхээсээ өмнө байшинг суллахыг тушаана. Дараа нь тахилч байшинг шалгаж үзэхээр дотогш орно. 37 Байшингийн ханан дээрх толботой хэсгийг шалгаж үзэхэд шар ногоон юм уу улаавтар хонхор үүсгэж тогтсон, цаашаа гүн идэгдсэн юм шиг харагдаж байвал 38 тахилч байшингаас гараад байшинг долоон хоног тусгаарлах ёстой.
39 Тахилч долоо дахь өдөр нь буцаж ирээд шалгаж үзнэ. Толбо байшингийн ханан дээгүүр тархсан байвал 40 толботой чулуунуудыг нь авч хотын гаднах бузар юм хаядаг газар хаяхыг тахилч тушаана. 41 Тэгээд байшингийн дотор ханыг сайтар хусуулж шаврыг нь авхуулаад хотын гаднах бузар юм хаядаг газар хаяулна. 42 Тэгээд тэд авсан чулуунуудынхаа оронд өөр чулуунуудыг суулгаж, ханыг шинээр шавардах ёстой.
43 Чулуунуудыг нь авч, ханыг нь хусаад, дахин шавардсан ч дараа нь байшинд толбо гарч ирвэл 44 тахилч ороод шалгаж үзнэ. Хэрэв толбо байшинд тархсан байвал халдвартай уяман юм. Байшин бузартсан гэсэн үг. 45 Тиймээс чулуу, дүнз, шаврыг нь буулган байшинг нураагаад хотын гаднах бузар юм хаядаг газар хаях ёстой. 46 Байшинг тусгаарласан үед дотор нь орсон хүн орой болтол бузар байна. 47 Мөн дотор нь унтсан, юм идсэн хүн хувцсаа угаах ёстой.
48 Харин байшинг дахин шавардсаны дараа тахилч орж үзэхэд байшинд толбо тархаагүй, арилсан байвал тахилч уг байшинг цэвэр гэж зарлана. 49 Байшинг бузраас ариусгахын тулд түүнд хоёр шувуу, хуш мод, час улаан даавуу, хиссоп хэрэгтэй. 50 Тэрбээр нэг шувууг нь булгийн устай шавар саван дээр нядлах ёстой. 51 Тэгээд хуш мод, час улаан даавуу, хиссоп, амьд шувууг аваад устай шавар саван дээр нядалсан шувууны цусанд дүрээд байшин тийш долоон удаа цацна. 52 Ингэж шувууны цус, цэвэр ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, час улаан даавуугаар байшинг бузраас ариусгана. 53 Тэгээд амьд шувууг хотоос гарган хээр талд суллан тавих ёстой. Ийнхүү тахилч байшинг ариусгаж, байшин цэвэр болно.
54 Уяман өвчний талаарх энэ хуульд хуйх, сахлын халдварт өвчин, 55 хувцас, байшинд үүссэн уяман, 56 хавдар, шарх, толбыг 57 ямар үед бузар, ямар үед цэвэр гэж тодорхойлохыг заасан. Энэ бол уяман өвчний талаарх хууль юм» гэжээ.