Нэгдүгээр хаад
1 Давид хаан нас дээр гарчээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучсан ч бие нь дулаацахаа болив. 2 Тиймээс албатууд нь түүнд «Эзэн хаантан танд үйлчилж таныг асарч тойлох залуу онгон охин олж авчиръя. Тэр таны өвөрт унтвал эзэн хаантан минь, та дулаацна» гэв. 3 Тэд Израйл даяар үзэсгэлэнтэй залуу бүсгүйг эрж хайгаад шунем бүсгүй Абишагийг олж хаан дээр авчрав. 4 Тэр бүсгүй маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд хаанд үйлчилж асарч тойлох болов. Хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.
5 Тэр үед Хаггитын төрүүлсэн хүү Адониа: «Би хаан болно» хэмээн өөрийгөө өргөмжлөв. Тэрбээр морин тэрэг, морьтнуудтай болж өмнөө 50 хүн гүйлгэдэг болжээ. 6 Гэхдээ эцэг нь түүнийг «Юу хийж байгаа чинь энэ вэ?» гэж хэзээ ч зэмлэж байгаагүй юм. Эх нь түүнийг Абсаломын дараа төрүүлсэн бөгөөд тэрбээр бас маш царайлаг байв. 7 Адониа Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатартай зөвлөлдсөн бөгөөд тэд ч тусалж дэмжихээр болов. 8 Харин тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, зөнч Натан, Шимеи, Реи, Давидын хүчит дайчид Адониаг дэмжээгүй юм.
9 Дараа нь Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетийн чулууны дэргэд хонь үхэр, тарга тэвээрэгтэй амьтдаар тахил өргөж, хааны хөвгүүд болох бүх ах дүүгээ, хаанд үйлчилдэг Иудагийн бүх эрчүүдийг урьжээ. 10 Гэхдээ зөнч Натан, Бенаиа, хүчит эрсийг болон дүү Соломоныгоо урьсангүй. 11 Тэгэхэд нь Натан Соломоны эх Батшебад «Хаггитын хүү Адониа хаан болчхоод байгааг, бас үүнийг манай эзэн Давид мэдээгүй байгааг дуулав уу? 12 Тэгэхээр одоо миний зөвлөгөөг сонсогтун. Тэгвэл та өөрийнхөө ч, хүү Соломоныхоо ч амийг аварна. 13 Давид хаан дээр очоод ингэж хэл. “Эзэн хаантан минь, та зарцдаа «Миний дараа чиний хүү Соломон хаан болж, сэнтийд минь заларна» гэж тангараглаагүй гэж үү? Тэгтэл яагаад Адониа хаан болчихдог билээ?” гээрэй. 14 Хаантай ярьж байхад чинь би очоод үгэнд тань хүч нэмье» гэв.
15 Ингээд Батшеба хаанд бараалхахаар унтлагын өрөөнд нь оров. Хаан маш өндөр настай байсан бөгөөд шунем бүсгүй Абишаг түүнд үйлчилж байлаа. 16 Батшебаг хаанд сөгдөн мөргөхөд хаан түүнээс «Чи юу хүсэж байна вэ?» гэхэд 17 Батшеба: «Эзэнтэн минь, та зарцдаа Ехова Бурхнаараа тангараглаж “Миний дараа чиний хүү Соломон хаан болж, сэнтийд минь заларна” гэсэн шүү дээ. 18 Гэтэл Адониа хаан болж, миний эзэн хаантан энэ талаар юу ч мэдээгүй байдаг. 19 Тэр маш олон тооны үхэр, тарга тэвээрэгтэй амьтан, хониор тахил өргөж, хааны бүх хөвгүүн, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг урьсан ч таны зарц Соломоныг уриагүй. 20 Тэгэхээр хаан эзэнтэн минь, таны дараа хаан сэнтийд хэнийг заларна гэж зарлах бол хэмээн израйлчууд бүгдээрээ таныг хүлээж байна. 21 Эс бөгөөс хаан эзэнтэн таныг эцэг өвгөдийнхөө нэгэн адилаар нойрссоны дараа би ч, миний хүү Соломон ч дайсан гэж үзэгдэх нь байна» гэж хэлэв.
22 Батшебаг хаантай ярьж байх зуур зөнч Натан орж ирлээ. 23 Хаанд «Зөнч Натан ирлээ» гэж мэдэгдэхэд Натан хааны өмнө очоод сөгдөж мөргөв. 24 Тэгээд «Эзэн хаантан минь, та: “Миний дараа Адониа хаан болж, сэнтийд минь заларна” гэж айлдсан юм уу? 25 Адониа өнөөдөр маш олон тооны үхэр, тарга тэвээрэгтэй амьтан, хониор тахил өргөх гээд явчихсан байна. Тэр бас хааны бүх хөвгүүн, цэргийн жанжид, тахилч Абиатарыг урьжээ. Тэнд тэд Адониатай хамт идэж уун “Адониа хаан урт наслах болтугай!” гэцгээж байна. 26 Гэхдээ Адониа таны зарц намайг, тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны хүү Соломоныг уриагүй. 27 Эзэн хаантан таны дараа хаан сэнтийд хэн залрах ёстойг надад хэлэхгүйгээр эзэн хаантан та үүнийг зөвшөөрсөн юм уу?» гэжээ.
28 Давид хаан: «Батшебаг дууд» гэлээ. Батшеба ирж хааны өмнө зогсов. 29 Тэгэхэд нь хаан: «Намайг бүх зовлонгоос аварсан амьд Бурхан Еховагаар тангараглая. 30 Би чамд “Миний дараа чиний хүү Соломон хаан болж, миний оронд сэнтийд минь заларна” гэж Израйлын Бурхан Еховагаар тангараглаж байснаа өнөөдөр биелүүлнэ» хэмээв. 31 Батшеба Давид хаанд сөгдөн мөргөж «Эзэн хаан минь мөнх наслах болтугай!» гэжээ.
32 Давид хаан тэр даруй «Тахилч Задок, зөнч Натан, Иехоиадагийн хүү Бенаиаг дуудаж авчир» гэлээ. Тэд хаан дээр очив. 33 Хаан тэдэнд «Та хэд зарц нарыг минь дагуулаад миний луусыг хүү Соломонд минь унуулан Гихон руу аваач. 34 Соломоныг тахилч Задок, зөнч Натан Израйлын хаанаар томилно. Дараа нь бүрээ үлээж “Соломон хаан урт наслах болтугай!” гэж хэл. 35 Тэгээд түүнийг дагаж ир. Тэр ирж сэнтийд минь залран миний оронд хаан болно. Би Соломоныг Израйл, Иудагийн удирдагчаар томилно» гэлээ. 36 Тэгэхэд нь Иехоиадагийн хүү Бенаиа: «Амен! Миний эзэн хааны Бурхан Ехова хэлснийг тань ёсоор болгох болтугай! 37 Ехова миний эзэн хаантай хамт байсан шигээ Соломонтой ч хамт байг. Бас түүнийг миний эзэн хаан Давидаас ч агуу хаан болгох болтугай!» гэв.
38 Ингээд тахилч Задок, зөнч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд, пелетчүүд явж, Давид хааны луусыг Соломонд унуулаад Гихонд аваачлаа. 39 Тахилч Задок асраас эвэртэй тос авч Соломоныг тослов. Тэд эвэр бүрээ үлээж, ард олон бүгдээрээ «Соломон хаан урт насалтугай!» хэмээцгээв. 40 Тэгээд ард олон түүний араас дагаж яван лимбэ тоглож, асар ихээр баярлан баясаж байлаа. Дуу чимээнд нь газар доргиж байв.
41 Адониа зочидтойгоо зоог барьж дуусаад үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээн дууг сонсмогцоо «Хотод юун их чимээ шуугиан гарна вэ?» гэв. 42 Түүнийг ярьж дуусаагүй байхад тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд нь Адониа Ионатанд «Алив нааш ир. Чи сайн хүн учраас сайн мэдээтэй л ирээ биз дээ?» гэхэд 43 Ионатан: «Үгүй ээ. Манай эзэн хаан Давид Соломоныг хаан болгосон. 44 Давид хаан Соломонтой хамт тахилч Задок, зөнч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд, пелетчүүдийг явуулж, тэд хааны луусыг түүнд унуулсан. 45 Тэгээд тахилч Задок, зөнч Натан Гихонд Соломоныг тосолж хаан болгосон. Тэднийг баяр хөөр болсоор буцан ирсний дараа хотод бөөн хөл хөөрцөг болж байна. Тэгээд л ийм их чимээтэй байгаа юм. 46 Соломон бүр хаан ширээнд заларчихсан. 47 Тэгээд болоогүй хааны албатууд манай эзэн хаан Давидад баяр хүргэж “Таны Бурхан Соломоныг танаас илүү нэр алдартай, танаас агуу хаан болгох болтугай!” хэмээсэн. Тэгэхэд нь хаан орон дээрээ Бурхандаа мөргөсөн. 48 Мөн хаан “Өнөөдөр хүүг минь миний сэнтийд залж, үүнийг харах боломжийг надад олгосон Израйлын Бурхан Ехова магтагдаг” гэсэн» гэв.
49 Тэгэхэд нь Адониагийн зочид ихэд айж, босоод тарж явцгаажээ. 50 Адониа бас Соломоноос айсандаа босож яваад тахилын ширээний эврээс зуурав. 51 Соломонд мэдээ хүрч «Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зуурч “Соломон хаан зарц намайг илдээр хөнөөхгүй гэж тангараглахаас нааш би эндээс явахгүй” гэж байна» гэлээ. 52 Соломон: «Хэрэв тэр аятайхан шиг байвал ширхэг үс нь ч газар унахгүй. Харин муу юм хийвэл үхэх ёстой» гэв. 53 Ингээд Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар хүн явуулав. Адониаг ирж сөгдөн мөргөхөд Соломон хаан: «Гэртээ харигтун» гэжээ.