Естер
6 Тэр шөнө хааны нойр хулжжээ. Тэгээд түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн он дарааллын бичгийг авчруулж уншуулав. 2 Ордны хаалгач түшмэл Бигтан, Тереш хоёр Ахашверош хааныг алахаар хуйвалдсаныг Мордехаи олж мэдээд мэдээлсэн тухай тэнд бичсэн байлаа. 3 Хаан: «Үүнийх нь төлөө Мордехаид ямар шагнал, урамшуулал өгсөн бэ?» гэж асуухад шадар түшмэд нь: «Түүнд юу ч өгөөгүй» гэж хариулжээ.
4 Дараа нь хаан: «Ордонд хэн байна вэ?» гэж асуулаа. Хаман өөрийн бэлдсэн шонд Мордехаиг өлгөж алах тухай хаантай ярилцахаар ордонд дөнгөж ирээд байв. 5 Түшмэд: «Хаман ирээд байна» гэхэд хаан: «Түүнийг оруул» гэлээ.
6 Хаманыг орж ирэхэд хаан түүнээс «Хаан хүндэтгэл үзүүлэхийг хүссэн хүнээ яавал зохилтой вэ?» гэж асуув. Хаман дотроо «Хаан надаас өөр хэнд л хүндэтгэл үзүүлэв гэж?» хэмээн бодоод 7 «Хаан хүндэтгэл үзүүлэхийг хүссэн хүндээ зориулан 8 өөрийн өмсдөг хувцас, унадаг морио толгойн гоёлтой нь авчруулаг. 9 Тэгээд хувцас, морийг хааны тэргүүн захирагчдын нэгэнд хариуцуулах ба тэд хааны хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслаж, моринд мордуулаад хотын талбайгаар хөтөлж явах зуураа “Хаан хүндэтгэл үзүүлэхийг хүссэн хүнээ ийнхүү алдаршуулна” гэж хашхираг» хэмээн хаанд хэлэв. 10 Тэгмэгц хаан түүнд «Хурдал! Хувцас болон морийг авч, ордны дааман хаалганы дэргэд сууж байгаа иудей хүн Мордехаид яг саяын хэлснээрээ хийгтүн. Хэлсэн үгээсээ нэгийг нь ч битгий орхигдуулаарай» гэж айлджээ.
11 Хаман хувцас болон морийг авлаа. Тэгээд Мордехаиг хувцаслан, морь унуулаад хотын талбайгаар хөтөлж явахдаа «Хаан хүндэтгэл үзүүлэхийг хүссэн хүнээ ийнхүү алдаршуулна» гэж хашхирч байлаа. 12 Дараа нь Мордехаи ордны дааман хаалга руу буцаж, харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр лүүгээ яаран явжээ. 13 Хаман өөртөө тохиолдсон бүхнийг эхнэр Зереш болон найз нөхдөдөө ярив. Мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь түүнд «Чамайг тэгтэл нь дорд оруулсан тэр Мордехаи иудей хүн юм бол чи түүнийг дийлэхгүй. Чи түүний өмнө унах нь гарцаагүй» гэж хэлжээ.
14 Тэднийг ийн ярьж байтал хааны түшмэд ирээд Хаманыг Естерийн найрт яаран авч явав.