Мика
3 Би ингэж хэлсэн. «Иаковын үр удмын тэргүүнүүд ээ,
Израйлын ард түмний удирдагчид аа, сонсоцгоо!
Юу нь шударга болохыг та нар мэдэх ёстой бус уу?
2 Гэтэл та нар сайныг үзэн ядаж, мууг хайрладаг.
Та нар миний ард түмний арьсыг зулгааж, яснаас нь махыг нь шулдаг.
Тогоонд чанасан яс, мах шиг болгодог.
4 Тэр үед та нар тусламж гуйн Еховаг дуудах боловч
Тэр хариулахгүй.
Бузар үйл хэргээс чинь болж
Та нараас нүүрээ нууна.
5 Миний ард түмнийг төөрүүлдэг,
Зажлах юмтай байхдаа* “Амар тайван!” гэж тунхагладаг,
Аманд нь юу ч хийгээгүй хүнд дайн зарладаг зөнчдөд Ехова айлдаж байна.
6 “Та нарын хувьд шөнө болж, үзэгдэл үгүй болно.
Та нар дээр харанхуй нөмөрч, мэргэ төлгө үгүй болно.
Зөнчид дээр нар жаргаж,
Өдөр нь тэдний хувьд шөнө болж хувирна.
7 Үзмэрчид шившиг болж,
Мэргэ төлгөчид сэтгэлээр унана.
Бурхнаас хариу ирэхгүй учир
Тэд сахлаа* таглахаас өөр аргагүй болно”».
8 Намайг Ехова агуу хүчээрээ хүч чадалтай болгосон.
Иаковт тэрс явдлыг нь, Израйлд нүглийг нь хэлэх
Шударга зан, эр зориг өгсөн.
9 Иаковын үр удмын тэргүүнүүд ээ,
Израйлын ард түмний удирдагчид аа, сонсооч!
Та нар шударга ёсыг гажуудуулж, шулуун болгоныг мурийлгадаг.
10 Цус урсган Сионыг барьж, зөв бусыг үйлдэн Иерусалимыг байгуулдаг.
11 Удирдагчид нь хээл хахууль аван шүүж,
Тахилчид нь шан харамж аван зааж,
Зөнчид нь үнэ хөлс аван мэргэлдэг.
Тэгсэн хэр нь Ехова дэмжинэ гэж найдан*,
«Ехова бидэнтэй хамт байгаа бус уу?
Бидэнд ямар ч гамшиг тохиолдохгүй» гэдэг.
12 Тиймд та нараас болж
Сион хагалсан газар мэт болно.
Иерусалим балгас болж хувирна.