Дуулал
Удирдаачид зориулав. Корагийн хөвгүүдийн дуу.
85 Ехова минь ээ, та өөрийн газар нутагт өршөөл нигүүлслээ үзүүлж
Иаковын үр удмаас олзлогдсон хүмүүсийг буцааж авчирсан.
2 Та ард түмнийхээ алдааг уучилж,
Тэдний нүглийг хэлтрүүлсэн*. (Села)
3 Та уураа барьж
Хилэнгээ дарсан.
4 Аврагч Бурхан минь ээ, биднийг дахин цуглуулаач.
Бидэнд дургүйцэхээ болиоч.
5 Үүрд та бидэнд уурлах уу?
Үеийн үед уур хорсол өвөрлөх үү?
6 Та биднийг дахин хүч чадалтай болгохгүй юм уу?
Тэгвэл ард түмэн тань танаар бахархана шүү дээ.
7 Ехова минь ээ, биднийг үнэнчээр хайрлаач.
Биднийг авраач.
8 Би жинхэнэ Бурхан Еховагийн үгийг сонсоно.
Тэрбээр ард түмэндээ, үнэнч хүмүүстээ амар тайвныг ярина.
Гагцхүү тэд дахин битгий өөртөө хэт итгэлтэй болоосой.
9 Тэрбээр манай газар нутагт суу алдраа дуурьсгахын тулд
Өөрөөс нь эмээгчдийг гарцаагүй аварна.
10 Үнэнч хайр, итгэмжит байдал хоёр уулзалдаж,
Зөв шударга байдал, амар тайван хоёр үнсэлцэнэ.
11 Итгэмжит байдал газраас соёолж,
Зөв шударга байдал тэнгэрээс тонгойн харна.
12 Ехова сайн сайхныг өгнө*.
Манай газар ургацаа гаргана.
13 Зөв шударга байдал түүний өмнө явж,
Түүний төлөө зам засна.