Исаиа
15 Моабыг шүүх тухай мэдээ.
Моабын Ар ганц шөнийн дотор устгагдаж
Чимээгүй болов.
Моабын Кир нэг шөнийн дотор устгагдаж
Дуугүй болов.
2 Хүмүүс сүм өөд, Дибон өөд явав.
Уйлж гашуудахаар өндөрлөгүүд рүү явав.
Небо болон Медебагийн хойноос Моаб гашуудаж байна.
Хүн бүр үсээ хусаж, сахлаа авчээ.
3 Тэд гудамжинд таар нөмөрчээ.
Дээвэр дээр, талбай дээр бүгд уйлалдана.
Тэд доош буухдаа гашуудан уйлна.
4 Хешбон болон Елеале хашхирна.
Тэдний дуу Иахаз хүртэл сонсогдоно.
Тийм учраас Моабын зэвсэгт дайчид хашхирсаар байна.
Моаб айн чичирч байна.
5 Миний зүрх Моабын төлөө хашхирна.
Оргодлууд нь Зоар болон Еглат-шелишиа хүртэл зугтсан.
Лухитын энгэрээр авиран явахдаа тэд уйлна.
Хоронаим хүртэл явахдаа гай зовлонгоос болж гашуудна.
6 Нимримийн ус ширгэжээ.
Ногоон өвс нь хатжээ.
Өвс нь алга болж, ургамал ногоогүй үлджээ.
7 Тиймээс тэд үлдсэн нөөцөө, эд баялгаа авч яван
Улиасны хөндийг* туулж байна.
8 Моабын нутаг даяар уйлах дуу цуурайтна.
Уйлаан майлаан Еглаимд хүрчээ.
Уйлаан майлаан Беер-елимд хүрчээ.
9 Димоны ус цус болжээ.
Димонд зориулж бэлдсэн зүйл минь үүгээр тогтохгүй.
Би Моабын оргодлууд руу,
Тэр нутагт үлдсэн хүмүүс рүү арслангуудыг илгээнэ.