Исаиа
39 Тэр үед Вавилоны хаан, Баладаны хүү Меродах-баладан Хезекиаг өвдөөд эдгэсэн гэж дуулаад захидал, бэлэг сэлт илгээв. 2 Хезекиа элч нарыг баяртайгаар угтаж, эрдэнэсийн өргөөгөө үзүүлжээ. Алт, мөнгөө, гүглийн болон бусад үнэт тосоо, зэвсгийн агуулахаа бүхэлд нь, эрдэнэсийн санд байгаа бүхнээ үзүүлсэн юм. Хезекиа орд өргөө, эзэмшилдээ байсан бүхнээ нэгийг нь ч үлдээлгүй үзүүлжээ.
3 Тэгтэл зөнч Исаиа Хезекиа хаанд бараалхаж «Энэ хүмүүс юу ярив? Хаанаас ирэв?» гэж асуув. Хезекиа: «Тэд алс холын Вавилоноос иржээ» гэж хариуллаа. 4 «Тэд таны ордонд юу үзэв?» гэж Исаиаг асуухад Хезекиа: «Ордонд маань байгаа бүхнийг үзсэн. Эрдэнэсийн сангаасаа үзүүлээгүй юм нэг ч байхгүй» гэж хариулав.
5 Исаиа Хезекиад хэлсэн нь: «Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн үгийг сонсогтун. 6 “Ордонд чинь байгаа бүхэн, эцэг өвгөдийн чинь өнөөг хүртэл цуглуулсан бүхэн Вавилонд аваачигдах өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж Ехова айлдаж байна. 7 Бас “Үр удмын чинь заримыг Вавилонд аваачна. Тэд ордны түшмэд болно” гэж айлдаж байна» гэлээ.
8 Тэгэхэд Хезекиа Исаиад «Танаар Ехова зөв зүйтэй үг хэлүүлжээ» гээд «Яагаад гэвэл миний үед амар тайван, үймээн самуунгүй байх юм байна» гэжээ.