Нэгдүгээр Самуел
1 Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофимд* нэгэн ефраим эр байжээ. Нэрийг нь Елкана гэдэг бөгөөд Зуфын гуч, Тохугийн жич, Елихугийн ач, Иерохамын хүү юм. 2 Тэрбээр Ханна, Пенинна гэдэг хоёр эхнэртэй байв. Пенинна олон хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ. 3 Елкана тэнгэрийн цэргийн жанжин Еховаг шүтэж*, тахил өргөхөөр жил бүр төрөлх хотоосоо Шило руу явдаг байв. Тэнд Елигийн хоёр хүү Хофни, Финехас нар Еховагийн тахилчаар үйлчилдэг байлаа.
4 Нэгэн өдөр Елкана тахил өргөж, эхнэр Пениннадаа болон бүх хүү, охиндоо тахилаасаа хувь хүртээв. 5 Харин Ханнад тусгай хувь хүртээжээ. Учир нь түүнийг илүү их хайрладаг байсан юм. Даанч Ехова Ханнад үр хүүхэд хайрлаагүй байв. 6 Ехова Ханнад үр хүүхэд хайрлаагүй учраас Елканагийн нөгөө эхнэр* Пенинна Ханнаг сэтгэлээр унагахын тулд хайр найргүй басамжлан доромжилдог байжээ. 7 Жил бүр Еховагийн өргөө рүү явах үеэр Пенинна ийнхүү Ханнаг маш их доромжилдог байсан тул Ханна уйлж, юм ч иддэггүй байлаа. 8 Нөхөр Елкана нь түүнд «Ханна минь, чи юунд уйлаа вэ? Юм ч идэхгүй яагаад ингэж гунигт автана вэ? Битгий гунигла. Чамд би байна. Би чамд 10 хүүгээс ч дээр биш гэж үү?» гэж хэлжээ.
9 Тэгээд Шилод тэднийг идэж ууж дууссаны дараа Ханна босож явав. Тэр үед тахилч Ели Еховагийн сүмийн* үүдэнд суудалдаа сууж байлаа. 10 Ханна туйлын их шаналж, Еховад залбиран сэтгэлээ барьж дийлэлгүй уйлав. 11 Тэгээд «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ, та шивэгчнийхээ ямар их зовж шаналж байгааг хараач. Та намайг санаж, шивэгчнээ марталгүй хүүтэй болгож өгвөл би түүнийг Ехова танд өгье. Насан туршид нь танд үйлчлүүлж, толгойд нь тонгорог хүргэхгүй» гэж тангараглав.
12 Ийнхүү Еховад удаан залбирахыг нь Ели харж байлаа. 13 Ханна чимээгүй залбирч байсан тул зөвхөн уруул нь хөдөлж байв. Дуу нь гарахгүй байсан болохоор Ели түүнийг согтуу байна гэж боджээ. 14 Ели түүнд «Ийм их согтчихоод энд юу хийж байгаа юм бэ? Дарсаа уухаа боль» гэхэд 15 Ханна: «Эзэнтэн минь! Би согтуу биш ээ. Би маш их шаналж байна. Дарс юм уу өөр ямар ч согтууруулах ундаа уугаагүй. Еховад сэтгэлээ уудалж байгаа минь энэ. 16 Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж битгий бодоорой. Би түрүүнээс хойш зовлон шаналлаа хэлж, сэтгэлээ уудлан залбирч байсан юм» гэлээ. 17 Тэгэхэд нь Ели: «Амар тайван яв даа. Гуйлтыг чинь Израйлын Бурхан биелүүлж өгөх болтугай» гэв. 18 Ханна: «Шивэгчин тань таны тааллыг олох болтугай» гээд буцаж яваад идэж уун, уруу царайлахаа болив.
19 Тэгээд тэд маргааш өглөө нь эрт босож, Еховагийн өмнө мөргөөд Рама дахь гэр лүүгээ буцлаа. Елкана эхнэртэйгээ унтжээ. Ехова Ханнаг анхаарч залбиралд нь хариулахад 20 Ханна жирэмсэлж, жилийн дотор* хүү төрүүлэн «Еховагаас гуйхад тэрбээр надад өгсөн юм» гээд хүүдээ Самуел* гэдэг нэр өгчээ.
21 Дараа нь Елкана гэр бүлийнхнээ аваад Еховад жил бүрийн тахил болон тангаргийн тахилаа өргөхөөр явжээ. 22 Гэвч Ханна явсангүй. Тэрбээр нөхөртөө «Би хүүгээ хөхнөөс гармагц нь Еховагийн өмнө аваачна. Хүү минь тэнд үргэлж байх ёстой юм» гэхэд 23 нөхөр нь: «Чи өөрөө мэд дээ. Хүүгээ хөхнөөс гартал нь гэртээ бай даа. Ехова чиний хэлснийг биелүүлэх болтугай» гэж хэлэв. Тиймээс Ханна гэртээ байж, хүүгээ хөхнөөс гартал нь асарчээ.
24 Ханна хүүгээ хөхнөөс гармагц нь Шило руу дагуулж явав. Гурван настай бух, нэг ефа* гурил, том ваартай дарс авч явжээ. Тэрбээр Шило дахь Еховагийн өргөөнд хүүтэйгээ хамт очив. 25 Тэд бухыг нядалж, хүүг Елид аваачиж өглөө. 26 Ханна: «Эзэнтэн минь, таны амьд буйгаар тангараглая. Би Еховад залбирахаар энд, таны дэргэд зогсож байсан эмэгтэй байна. 27 Би энэ хүүг гуйж залбирахад Ехова гуйлтыг минь биелүүлсэн юм. 28 Харин одоо би хариуд нь хүүгээ Еховад өгөх* гэж байна. Хүү минь насан туршдаа Еховагийнх болно» гэж хэлжээ.
Тэгээд тэрбээр* тэнд Еховад мөргөв.