Исаиа
14 Ехова Иаковыг өршөөж, Израйлыг дахин сонгоно. Тэрбээр израйлчуудыг нутагт нь суулгана*. Харь элгийнхэн израйлчуудтай нийлж, Иаковын үр удамтай нэгдэнэ. 2 Ард түмнүүд тэднийг нутагт нь буцааж аваачна. Израйлчууд Еховагийн газар нутагт тэдгээр ард түмнийг өмчилж зарц шивэгчнээ болгоно. Өөрсдийг нь олзолсон хүмүүсийг олзолж, өөрсдийг нь албадан ажиллуулж байсан хүмүүсийг захирна.
3 Ехова та нарыг зовлон шаналал, айдас түгшүүр, хүнд бэрх боолчлолоос чөлөөлөх тэр өдөр 4 та нар Вавилоны хааны тухай ийм зүйр үг* хэлнэ.
«Бусдыг албадан ажиллуулдаг байсан нэгний төгсгөл ингэж ирэх гэж!
Дарлагчийн төгсгөл ингэж ирэх гэж!
5 Ехова хорон санаатнуудын савааг,
Удирдагчдын таягийг хугалсан.
6 Ард түмнүүдийг зогсоо зайгүй балбаж,
Үндэстнүүдийг цуцалтгүй хавчин дарлаж байсан нэгнийг устгалаа.
7 Дэлхий тэр аяараа үймээн самуунгүй, амар амгалан боллоо.
Хүмүүс баярлан хашхиралдана.
8 Арц мод Ливаны хуштай хамт
Чамд юу тохиолдсоныг харан баярлаж,
“Чамайг унаснаас хойш
Бидэн дээр мод цавчигч ирсэнгүй” гэж хэлнэ.
9 Чамайг ирэхэд уулзах гэж
Булш* хүртэл догдолсон.
Үхэгсдийг, дэлхийн бүх дарангуйлагчийг
Чиний төлөө сэрээдэг.
Үндэстнүүдийн бүх хааныг сэнтийгээс нь босгодог.
10 Тэд бүгдээрээ чамд ингэж хэлнэ.
“Чи бидэн шиг хүчгүй болсон юм уу?
Чи бидэнтэй адилхан болсон гэж үү?
11 Чиний бардам зан,
Чавхдаст хөгжмийн чинь дуу Булшинд* хаягдав.
Чиний доор өтнүүд ор мэт тархан,
Чамайг хорхойнууд бүтээлэг мэт хучна”.
12 Үүрийн хүү, гялалзагч од оо,
Ингээд чи тэнгэрээс унах гэж!
Үндэстнүүдийг эрхэндээ оруулдаг чи
Ингээд газарт хаягдах гэж!
13 Чи сэтгэлдээ ингэж шивнэсэн. “Би тэнгэрт гарна.
Бурхны оддын дээгүүр сэнтийгээ засна.
Умардын хязгаарт, цугларалтын уулан дээр
Би заларна.
14 Би үүлсийн орой дээр гарч,
Хамгийн Дээд Бурхантай адил болно”.
15 Гэвч чи Булшинд* хаягдаж,
Гүнзгий нүхний ёроолд унана.
16 Чамайг харсан бүхэн гайхан ширтэж,
Нарийн шинжээд ингэж хэлнэ.
“Энэ чинь дэлхийг донсолгож
Хаант улсуудыг айлгаж байсан хүн мөн үү?
17 Дэлхийг цөл болгож
Хотуудыг нь эвдэн сүйтгэж
Хоригдлуудыг гэр лүү нь явуулдаггүй байсан хүн мөн үү?”.
18 Үндэстнүүдийн бүх хаан
Тус тусын булш бунхандаа
Сүр жавхлантай оршуулагджээ.
19 Харин чамайг булшинд оршуулахгүй.
Чи жигшигдсэн нахиа шиг хаягдсан.
Илдээр хөнөөгдөж чулуун нүхэнд хаягдсан үхдэлүүд
Биеийг чинь хучжээ.
Чи хөлд гишгэгдэх хүүр адил болсон.
20 Чи хаадтай хамт оршуулагдахгүй.
Учир нь чи өөрийн нутгийг устгаж,
Өөрийн ард түмнийг хороосон.
Мууг үйлдэгчдийн үр удам ахин хэзээ ч дурсагдахгүй.
21 Эцэг өвгөдийнх нь гэм буруугаас болж
Хөвгүүдийг нь цаазлахад бэлд.
Ингэснээр тэд хүчирхэгжин дэлхийг эзлэхгүй.
Газар нутгийг өөрсдийнхөө хотуудаар дүүргэхгүй».
22 «Би тэднийг эсэргүүцэн босно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
«Би Вавилоноос нэрийг нь арчиж, түүнээс үлдсэн бүхнийг, үр хүүхэд, хойч үеийг нь устгана» гэж Ехова тунхаглаж байна.
23 «Би түүнийг үхэр зарааны эзэмшил, намагтай нутаг болгож, устгагч шүүрээр шүүрдэнэ» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
24 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тангараглаж байна.
«Миний санаснаар бүтнэ.
Миний шийдсэнээр болно.
25 Би ассиричуудыг газар нутагтаа хиар цохино.
Уулан дээрээ гишгэчнэ.
Ард түмнээсээ буулгыг нь авч хаяна.
Мөрөн дээрээс нь ачааг нь буулгана».
26 Бурхан дэлхий дахины эсрэг ийм шийдвэр гаргасан юм.
Бүх үндэстний өөдөөс мутраа сунгасан юм.
27 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова шийдчихсэн байхад
Хэн саад хийж чадах вэ?
Мутраа сунгачихсан байхад нь
Хэн болиулж чадах вэ?
28 Ахаз хааны таалал төгссөн жил ийм тунхаглал гарав.
29 «Та нарыг жанчигчийн таяг хугарлаа гээд
Филистчүүд та бүхэн бүү баярла.
Учир нь могойн өндөгнөөс* хорт могой гарна.
Хорт могойноос нисдэг галт могой* гарна.
30 Дорд хүмүүсийн хүүхдүүд цадталаа идэж,
Ядуус амар амгалан хэвтэнэ.
Харин чиний хүүхдүүдийг би өлсгөлөнгөөр үхүүлж,
Үлдсэн нь алагдана.
31 Дааман хаалганы дэргэд суугчид аа уйл! Хотын оршин суугчид аа, орилж хашхир!
Филистчүүд ээ, та нар бүгдээрээ зүрх алдана.
Умард зүгээс их цэрэг утаа шиг ирж байна.
Эгнээнээсээ гарсан цэрэг тэдний дунд үгүй».
32 Үндэстнүүдийн элч нарт тэд юу гэж хариулах вэ?
«Ехова Сионы суурийг тавьсан.
Түүний ард түмний дорд хүмүүс нь тэнд хоргодно» гэж хариулна.