Исаиа
57 Зөв шударга хүнийг мөхөхөд
Хэн ч тоодоггүй.
2 Тэрбээр амар амгаланг олдог.
Зөв шударга амьдардаг бүх хүн булшиндаа* амардаг.
3 «Харин илбэчин эмийн хөвгүүд ээ,
Завхайрагч, янхны хүүхдүүд ээ,
Та нар наашаа ойрт.
4 Та нар хэнийг шоолно вэ?
Хэний өөдөөс хэлээ гарган тохуурхана вэ?
Та нар нүгэлтнүүдийн хүүхдүүд,
Мэхлэгчдийн үр удам биш гэж үү?
5 Та нар том моддын дунд,
Тансаг сайхан мод бүрийн дор хүсэл тачаалдаа автдаг бус уу?
Хөндийнүүдэд*, хадан хавцлын доор
Хүүхдүүдээ хороодог бус уу?
6 Чи* хөндийн* мөлгөр чулуунуудыг нандигнадаг.
Тэдгээр нь чиний хувь юм.
Чи тэдэн дээр хүртэл ундаан өргөл асгаж, тахил өргөдөг.
Би үүнд чинь баясах* юм гэж үү?
7 Сүрлэг өндөр уулан дээр чи ороо засаж,
Тахил өргөхөөр тийшээ гарсан.
8 Хаалга, хатавчныхаа ард чи дурсгалын тэмдэг* тавьдаг.
Чи намайг орхиж, өөрийгөө нүцгэлэн,
Дээш гарч, өргөн ор засав.
Тэгээд амрагуудтайгаа гэрээ байгуулав.
Чи тэдэнтэй хамт нэг оронд орох гэж дурлан
Эр бэлэг эрхтнийг ширтсэн*.
9 Чи тос, арвин их үнэртэн авч
Мелек рүү* очсон.
Чи хол газар элч нараа илгээснээрээ
Доошоо, Булш* руу явав.
10 Чи олон замаар яваад ядарсан ч
“Ямар ч найдвар алга!” гэж хэлээгүй.
Чи хүчээ сэлбэсэн тул
Бууж өгөөгүй.
11 Чи хэнээс айгаад
Худал ярьдаг болсон бэ?
Чи намайг санахгүй байсан.
Чи юу ч бодоогүй.
Би чимээгүйхэн хол зогсож* байсан учраас
Чи надаас айгаагүй.
12 Би чиний “зөв шударгыг” болон үйлсийг чинь илчилнэ.
Тэдгээр нь чамд ямар ч нэмэр болохгүй.
13 Тусламж гуйн хашхирахад чинь
Цуглуулсан шүтээнүүд чинь чамайг аврахгүй.
Тэр бүгд салхинд хийснэ.
Үлээхэд л туугдан одно.
Гэвч надад хоргоддог хүн газрыг өвлөн авч
Миний ариун уулыг эзэмшинэ.
14 “Зам харгуй тавь! Зам бэлд!
Миний ард түмний урдах аливаа саадыг зайлуул” гэж хэлнэ».
15 Хамгийн Дээд, агуу Бурхан,
Мөнх настай, ариун нэртэй Нэгэн ийн айлдаж байна.
«Би өндөр, ариун газар амьдардаг ч
Дорд хүмүүсийн сэтгэлийг сэргээж,
Сэтгэлийн хямралтай хүмүүст урам зориг өгөхийн тулд
Тэдэнтэй хамт байдаг.
16 Би тэднийг мөнхөд эсэргүүцэхгүй.
Үргэлж уурлаад байхгүй.
Тийм биш сэн бол надаас болж хүмүүс доройтож,
Миний бүтээсэн амьсгаатай бүхэн хүчгүй болох байсан биз ээ.
17 Би түүнийг* нүгэл үйлддэгт, шударга бус олзонд дурладагт уурласан.
Тиймээс би түүнийг шийтгэн, нүүрээ нууж, уурлан хилэгнэсэн юм.
Гэвч тэрбээр урвагч шиг аашлан, зүрх сэтгэлдээ хөтлөгдөөд л байв.
18 Би үйлсийг нь харсан ч
Түүнийг эдгээж, удирдана.
Би түүнийг болон хамт гашуудаж буй хүмүүсийг нь тайвшруулна».
19 «Би уруулын жимсийг бүтээж байна.
Хол, ойрын хүмүүст дуусашгүй амар тайвныг эдлүүлнэ.
Би түүнийг эдгээнэ» гэж Ехова айлдаж байна.
20 «Харин муу хүмүүс бол замаг, шавхайг шидлэн гаргадаг,
Номхордоггүй догшин тэнгис мэт юм.
21 Муу хүмүүс амар заяа үзэхгүй» гэж миний Бурхан айлдаж байна.