Ромчуудад бичсэн захидал
11 Тэгвэл Бурхан ард түмнээ голсон хэрэг үү? Яалаа гэж! Би ч Абрахамын удам, Бениамин овгийн израйл хүн билээ. 2 Эхлээд анхаарсан ард түмнээ Бурхан голоогүй юм. Елиа израйлчуудын талаар гомдоллон Бурханд хандсан тухай сударт юу гэж байдгийг та нар мэдэхгүй гэж үү? 3 «Ехова* минь, тэд таны зөнчдийг алж, тахилын ширээнүүдийг нураасан. Би л ганцаараа амьд үлдэж дээ. Одоо тэд намайг хөнөөх гэж байна» гэсэн шүү дээ. 4 Харин Бурхан түүнд юу гэж хэлсэн билээ? «Баалд мөргөөгүй 7 000 хүн одоо надад байна» гэсэн. 5 Үүнтэй адил, одоо ч үлдсэн хүмүүс байна. Бурхан тэднийг өршөөж нигүүлсээд сонгосон. 6 Тэгэхээр ажил үйлсээр нь биш, өршөөн нигүүлсээд сонгодог байх нь. Эс тэгвэл өршөөл нигүүлсэл нь өршөөл нигүүлсэл биш болно.
7 Тэгээд яасан бэ? Израйл хүсэн тэмүүлж байгаа зүйлээ авч чадаагүй, харин сонгогдсон хүмүүс авчээ. Бусад нь сонсохоос татгалзсан ажээ. 8 Энэ талаар «Бурхан тэднийг гүн нойронд автуулж, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн. Тэд одоо ч хэвээрээ байна» гэж бичсэн байдаг. 9 Бас Давид: «Ширээ нь* тэдэнд урхи занга, бүдрүүлэх чулуу, шийтгэл болог. 10 Тэдний нүд харанхуйлж, юу ч бүү хараг. Нуруу нь үүрд бөгтөр байг» гэжээ.
11 Тэгвэл тэд бүгдээрээ бүдэрч, унасан хэрэг үү? Огт үгүй! Харин хууль зөрчсөн тэднийг атаархуулахын тулд харь үндэстнүүдийг аварсан. 12 Тэдний хууль бус үйлдэл ертөнцийн хувьд баялаг, тэд цөөрөх нь харь үндэстнүүдийн хувьд баялаг юм бол тэдний тоо гүйцэх нь бүр ч их баялаг!
13 Одоо харь үндэстэн та нарт би хэлье. Харь үндэстнүүд рүү илгээгдсэн элч би Бурханд үйлчлэх ажлаа өндөр үнэлдэг минь 14 нутаг нэгтнүүдээ атаархуулж, заримыг нь аврах гэснийх юм. 15 Учир нь иудейчүүд хөөгдсөн нь дэлхий дээрх хүмүүст Бурхантай эвлэрэх үүд хаалгыг нээсэн. Харин иудейчүүдийг Бурхан хүлээж авбал үхсэнтэй адил байсан тэд амьтай болсонтой адил болох бус уу? 16 Хэрэв зуурсан гурилын дээж нь ариун бол бүхэлдээ ариун гэсэн үг. Түүнчлэн, үндэс ариун бол мөчир ч ариун гэсэн үг.
17 Бурхан чидун модны зарим мөчрийг хугалж, оронд нь зэрлэг чидуны мөчир болох таныг залгахад та үндэснээс нь шим тэжээл авдаг болсон юм бол 18 тэр мөчрүүдийг дорд бүү үз. Хэрэв та дорд үздэг бол үндэс танаас биш, та үндэснээс шим тэжээл авдгаа санаарай. 19 Тэгвэл та: «Намайг залгах гээд тэр мөчрүүдийг хугалсан шүү дээ» гэх байх. 20 Тэр үнэн. Тэд итгээгүй учир хугалуулсан. Харин та итгэлтэй зогсдог. Гэхдээ бүү бардамна, харин эмээ. 21 Хэрэв Бурхан таримал мөчрийг өршөөгөөгүй бол таныг бас өршөөхгүй. 22 Бурхан өршөөн нигүүлсдэг, бас шийтгэдгийг санаарай. Бурхан унасан хүмүүсийг шийтгэдэг, харин өршөөл нигүүлслийг нь хүртэх зохистой хэвээрээ байвал таныг өршөөн нигүүлсэнэ. Эс бөгөөс таныг ч тасдана. 23 Харин тэд итгэдэг болбол залгагдана. Учир нь Бурхан тэднийг дахиад залгаж чадна. 24 Хэрэв Бурхан зэрлэг чидуны мөчир таныг тасдаж аваад таримал чидун модонд залгасан юм бол, хэдийгээр ингэдэггүй ч, таримал чидуны мөчрүүдийг таримал чидунд дахин залгах нь бүр ч амар шүү дээ!
25 Ах дүү нар аа, та нар өөрсдийгөө мэргэн цэцэн гэж битгий бодоосой гэж би хүсэж байна. Тийм учраас энэ ариун нууцыг хэлье. Юу гэвэл, Бурхны сонгосон харь үндэстний тоо гүйцэх хүртэл израйлчуудын зарим нь сонсохоос татгалзсаар байна. 26 Ийнхүү бүх Израйл аврагдах юм. Энэ талаар «Аврагч Сионоос ирээд Иаковын үр удмын муу үйл хэргийг арилгана. 27 Би тэдний нүглийг арилгаад тэдэнтэй гэрээ байгуулна» гэж бичсэн байдаг. 28 Тэд сайн мэдээнээс татгалзсаныхаа хувьд Бурхны дайсан болсон бөгөөд энэ нь та нарт сайн хэрэг. Гэхдээ Бурхан өвөг дээдэст нь амласнаа санаад тэдний заримыг сонгосон бөгөөд хайрласан юм. 29 Бурхан бэлэг өгсөндөө, тэднийг сонгосондоо харамсахгүй. 30 Урьд нь та нар Бурханд дуулгаваргүй байсан ч одоо өршөөл хүртсэн. Учир нь тэд дуулгаваргүй болсон. 31 Тэд дуулгаваргүй болсон учраас та нар өршөөл хүртсэн. Иймд тэд ч Бурхны өршөөлийг хүртэнэ. 32 Учир нь бүх хүнийг дуулгаваргүйн хоригдол болоход Бурхан саад хийгээгүй нь бүгдийг нь өршөөх гэснийх юм.
33 Бурхны ивээл ямар агуу вэ! Мэдлэг, мэргэн ухаан нь ямар гүнзгий вэ! Бид түүний шийдвэрүүдийг бүрэн ухаарч, хийсэн бүхнийг нь гүйцэд ойлгож чадахгүй. 34 Учир нь «Хэн Еховагийн* бодлыг мэдсэн бэ? Хэн түүний зөвлөгч болсон бэ?» 35 Мөн «Хэн түүнд буцааж авна гээд юм өгсөн бэ?» гэж бичсэн байдаг. 36 Учир нь түүнээс, түүгээр, түүний төлөө бүх юм байдаг. Тэрээр мөнхөд алдарших болтугай. Амен.