Шүүгчид
16 Нэгэн удаа Самсон Газ руу явжээ. Тэнд нэг янхан эмэгтэйг хараад гэрт нь очив. 2 Самсоныг хотод ирснийг газчууд сонсоод тэр газрыг бүсэлж, хотын дааман хаалган дээр шөнөжин отжээ. Тэд: «Гэгээ орохоор түүнийг хорооё» гээд бүхэл шөнийн турш чимээгүй хүлээв.
3 Самсон тэнд шөнө дунд хүртэл байв. Тэрбээр шөнө дунд босож хотын дааман хаалгыг хавтас, яс мод, хөндлөвч модтой нь авч үүрээд Хеброны харалдаа байдаг уулын оройд аваачив.
4 Тэр явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Самсон Сорекийн хөндийд* амьдардаг Делила гэдэг эмэгтэйд дурлажээ. 5 Филистийн удирдагчид Делила дээр очиж «Самсоныг мэхлэн* хүч чадлынх нь нууц юунд байдгийг мэдэж ав. Яавал түүнийг дийлж хүлээд эрхэндээ оруулахыг олж мэд. Тэгвэл бидний хүн нэг бүр чамд 1 100 мөнгөн шекел өгнө» гэж хэлэв.
6 Делила Самсонд «Энэ их хүч чадлын чинь нууц юунд байдаг юм бэ? Чамайг юугаар хүлж, номхотгох вэ? Надад хэлээч» гэхэд 7 Самсон: «Нумын долоон шинэ, хатаагүй хөвчөөр* намайг хүлбэл би жирийн хүн шиг сул дорой болно» гэв. 8 Тиймээс филистчүүдийн удирдагчид нумын долоон шинэ, хатаагүй хөвчийг Делилад өгөхөд тэрбээр Самсоныг хүлэв. 9 Филистчүүд өөр өрөөнд нуугдаж байлаа. Делила: «Самсон! Филистчүүд ирчхэж!» хэмээн хашхирахад Самсон маалинган утсыг галаар хуйхлах мэт хөвчнүүдийг тасар татав. Самсоны хүч чадлынх нь нууц илчлэгдсэнгүй.
10 Делила Самсонд «Чи намайг хуурч мэхлэн, надад худал хэлж байна. Чамайг юугаар хүлэх юм бэ? Хэл л дээ» гэхэд 11 «Огт хэрэглэж байгаагүй шинэ олсоор намайг хүлбэл би жирийн хүн шиг сул дорой болно» гэв. 12 Делила шинэ олсоор түүнийг хүлээд «Самсон! Филистчүүд ирчхэж!» гэж хашхирлаа. (Тэд өнөөх өрөөндөө нуугдаж байв. ) Гэвч тэрбээр гарынхаа хүлээсийг утас тасдах мэт тасдчихав.
13 Тэгэхэд Делила Самсонд «Одоог хүртэл чи намайг хуурч, худал хэллээ. Чамайг юугаар хүлэхийг надад хэл» гэв. Самсон түүнд «Миний үснээс долоон туг үсийг нэхмэлийн утастай хамт сүлж» гэлээ. 14 Делила хэлснээр нь хийгээд нэхмэлийн зүүгээр чангалж «Самсон! Филистчүүд ирчхэж!» гэж хашхирахад Самсон сэрээд нэхмэлийн зүү, утсыг авч хаяв.
15 Делила Самсонд «Чи надад итгэдэггүй мөртлөө “Би чамд хайртай” гэж яаж хэлж чадаж байна аа? Чи намайг гурван ч удаа хуурч, энэ их хүч чадлынхаа нууцыг хэлсэнгүй» гэлээ. 16 Тэрбээр өдөр бүр шалж, дарамталсаар байсан тул Самсон байж суух аргагүй болжээ. 17 Тэгээд Самсон хамаг юмаа хэлж «Миний толгойд тонгорог хүргэж байгаагүй. Яагаад гэвэл би төрсөн цагаасаа* Бурхны назир хүн байсан. Миний үсийг хусвал би хүчгүй болж жирийн хүн шиг сул дорой болно» гэв.
18 Ийнхүү бүх юмаа хэлэхэд нь Делила тэр даруй Филистийн удирдагчдыг дуудуулж «Самсон энэ удаа надад бүх үнэнээ хэлсэн учраас хүрээд ир» гэхэд тэд мөнгөө аваад түүн дээр очжээ. 19 Делила түүнийг өвөр дээрээ унтуулж байгаад хүн дуудаж, толгойнх нь долоон туг үсийг хусуулав. Ингээд Делила түүнийг эрхэндээ оруулжээ. Самсон хүчгүй болсон байлаа. 20 Делила: «Самсон! Филистчүүд ирчхэж!» гэж хашхирахад Самсон сэрээд «Би өмнөх шигээ гарч зугтъя» гэв. Гэвч өөрийг нь Ехова орхисныг мэдсэнгүй. 21 Филистчүүд Самсоныг барьж аваад нүдийг нь ухаж, Газ руу аваачаад хоёр зэс дөнгөөр дөнгөлж, шоронд тариа тээрэмдүүлэх болжээ. 22 Үсийг нь хуссанаас хойш Самсоны үс дахин ургав.
23 Филистийн удирдагчид Дагон бурхандаа асар олон тахил өргөн баяр тэмдэглэхээр цуглажээ. Тэд: «Бурхан маань бидэнд өстөн дайсан Самсоныг ялахад тусаллаа!» гэцгээж байв. 24 Филистчүүд шүтээнээ хараад «Газар нутгийг маань сүйтгэж, манай олон хүнийг хөнөөсөн энэ дайсныг ялахад бурхан маань тусаллаа» хэмээн бурхнаа магтацгаав.
25 Баярлан хөөрсөн тэд: «Самсоныг дуудаж авчраад биднийг хөгжөөлгө» гэлээ. Тиймээс тэднийг хөгжөөхийн тулд Самсоныг шоронгоос авчирч, хоёр баганын хооронд зогсоов. 26 Самсон гараас нь хөтөлж байсан хүүд «Намайг сүмийн тулгуур баганын хажууд аваачаач. Түшиж зогсох гэсэн юм» гэлээ. 27 (Сүмд дүүрэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, Филистийн бүх удирдагч байв. Бараг 3 000 эрэгтэй, эмэгтэй хүн дээвэр дээрээс Самсоныг харан баясаж байлаа. )
28 Самсон Еховагаас «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова Бурхан минь ээ, та намайг санаж, ганцхан энэ удаа л надад хүч чадал хайрлаач. Бурхан минь ээ, ядаж нэг нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авахад туслаач» хэмээн гуйв.
29 Самсон сүмийн голд буй хоёр тулгуур баганын хооронд зогсоод нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав. 30 Тэгээд «Филистчүүдтэй хамт үхье!» гэж хашхираад хамаг хүчээрээ түлхтэл дотор нь байсан Филистийн удирдагчид болон бүх хүний дээр сүм нуран унажээ. Ийнхүү Самсон амьд ахуйдаа хөнөөсөн хүмүүсээсээ илүү олон хүнийг үхэхдээ хөнөөсөн юм.
31 Дараа нь Самсоны ах дүүс, эцгийнх нь талынхан бүгдээрээ ирж цогцсыг нь авч яваад Зора болон Ештаолын дунд байдаг, эцэг Маноагийнх нь булшинд оршуулжээ. Самсон Израйлыг 20 жил шүүв.