Иона
3 Ехова Ионад хоёр дахь удаагаа айлдан 2 «Их хот Ниневе рүү явж миний чамд хэлэх мэдээг тунхагла» гэлээ.
3 Иймд Иона Еховагийн үгийг дуулгавартай биелүүлэн Ниневег зорив. Ниневе бол тойрч алхахад гурван өдөр болохоор маш том хот ажээ. 4 Иона хот руу орж «Дөч хоногийн дараа Ниневе устгагдана» гэж тунхаглангаа бүтэн өдөржин алхав.
5 Тэгэхэд нь ниневечүүд Бурхны сэрэмжлүүлгийг хүлээн авчээ. Тэд мацаг барихаар болж, баян ядуу, хөгшин залуугүй бүгдээрээ таар нөмрөв. 6 Ионагийн тунхагласан мэдээ Ниневегийн хааны сонорт хүрэхэд тэрбээр сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлаад таар нөмрөн үнсэн дээр суув. 7 Бас Ниневе даяар мөрдүүлэх ийм тунхаг гаргажээ.
«Хаан болон хааны ноёд зарлиг буулгах нь: Хүн, мал амьтны аль аль нь юм идэж болохгүй. Бүр юу ч идэж болохгүй, ус ч ууж болохгүй. 8 Хүн, мал амьтны аль аль нь таар нөмрөх ёстой. Бурхныг шаргуу дуудаж, бузар муу, харгис хэрцгий үйл үйлддэгээ болигтун. 9 Тэгвэл жинхэнэ Бурхан гамшиг буулгах эсэхээ дахин бодолцож, уурлан хилэгнэхээ больж, бид амьд мэнд үлдэх ч юм билүү?» гэжээ.
10 Жинхэнэ Бурхан тэдний юу хийснийг, бузар мууг үйлдэхээ хэрхэн больсныг хараад гамшиг буулгах эсэхээ дахин бодолцож үзжээ. Тэгээд гамшиг буулгасангүй.