Исаиа
46 Бел бөхийж, Небо тонгойжээ.
Тэдний хөргүүдийг ачлагын мал дээр ачжээ.
Ядарсан малын нуруун дээр хүнд ачаа болсон байна.
2 Тэд хамтдаа бөхийж, тонгойжээ.
Тэд ачаа болсон хөргүүдээ ч аварч чадахгүй,
Өөрсдөө олзлогдсон байна.
3 «Иаковын үр удам аа, Израйлын бүх үлдэгсэд ээ,
Эхийн хэвлийд байхаас чинь тээж, төрсөн цагаас чинь дэмжиж ирсэн намайг сонс.
4 Та нар хөгширсөн ч би хэвээрээ байна.
Үс чинь бууралтсан ч би та нарыг үүрсээр байна.
Би та нарыг урьдын адил тээж, үүрч, аварна.
5 Та нар намайг хэнтэй адилтгаж, зэрэгцүүлж, харьцуулж
Ижил төстэй гэж хэлэх вэ?
6 Түрийвчин дэх алтаа хайрлалгүй гаргадаг хүмүүс бий.
Тэд жинлүүр дээр мөнгө жинлэн
Төмрийн дархан хөлсөлж мөнгөн бурхан хийлгээд
Түүндээ бөхийж, түүнийгээ шүтдэг.
7 Тэд түүнийг мөрөндөө тэгнэн
Авч яваад байранд нь тавихад тэр нь байж л байдаг.
Байрнаасаа хөдөлдөггүй.
Тэд түүн рүү хашхирсан ч хариулдаггүй.
Хэнийг ч зовлонгоос нь аварч чадахгүй.
8 Үүнийг санаад зоригтой бай,
Нухацтай бод, нүгэлтнүүд ээ!
9 Эрт дээр үед болсон урьдын явдлыг,
Би бол Бурхан, өөр байхгүй гэдгийг сана.
Би бол Бурхан, над шиг нэгэн байхгүй.
10 Эцэстээ юу болохыг би эхнээс нь хэлдэг.
Хараахан болоогүй зүйлийг эртнээс мэдүүлдэг.
“Би шийдвэрээ* хэрэгжүүлнэ.
Хүссэн бүхнээ биелүүлнэ” гэж би хэлдэг.
11 Нар мандах зүгээс* би махчин шувууг дуудаж байна.
Шийдвэрийг* минь гүйцэтгэх хүнийг алс нутгаас авчирч байна.
Би хэлсэн л бол хийнэ.
Зорьсон л бол биелүүлнэ.
12 Зөв шударгаас холдсон
Зөрүүд хүмүүс ээ, намайг сонсоцгоо.
13 Зөв шударгаа харуулах цаг минь
Хол биш, ойрхон байна.
Аврах цагаа би хойшлуулахгүй.
Би Сионыг аварч, сүр алдраа Израйлд өгнө».