Шүүгчид
8 Ефраимчууд Гидеоныг «Чи юунд бидэнд ингэж хандав? Яагаад мидианчуудтай тулалдахдаа биднийг дуудаагүй юм бэ?» гэж хатуу зэмлэв. 2 Гидеон: «Та нарынхтай харьцуулахад миний хийсэн зүйл юу шалих вэ дээ. Ефраимын ургацын үлдэгдэл Абиезерийн усан үзмийн ургацаас дээр биш гэж үү? 3 Бурхан та нарт Мидианы хоёр ноён Ореб, Зеебийг өгсөнтэй харьцуулахад би юу хийж шальсан юм бэ?» гэж хариулжээ. Ингэж хэлэхэд тэд тайвшрав.
4 Тэгээд Гидеон Иордан гол руу явж, гатлав. Гидеон болон 300 дайчин нь эцэж ядарсан хэдий ч мөрдөлтөө үргэлжлүүлсэн юм. 5 Тэрбээр суккотчуудад «Би Мидианы хоёр хаан Зеба, Залмуннаг мөшгөн хөөж явна. Надтай хамт яваа хүмүүс эцэж ядарсан учраас талх өгөөч» 6 гэхэд Суккотын захирагчид: «Бид танай цэргүүдэд яагаад талх өгөх ёстой гэж? Та нар тэднийг бариагүй байгаа биз дээ?» гэв. 7 Гидеон хариуд нь «Та нар тэгж л бай! Ехова Зеба Залмунна хоёрыг миний мэдэлд өгөхөд би та нарын арьсыг цөлийн өргөст ургамал, халгайгаар урна гэж мэд!» гэжээ. 8 Гидеон тэндээс хөдөлж Пенуелд очоод адилхан юм гуйхад Пенуелийн хүмүүс суккотчуудын адилаар хариулав. 9 Тэрбээр Пенуелийн хүмүүст бас «Би эсэн мэнд буцаж ирээд энэ цамхгийг нураана!» гэлээ.
10 Зеба Залмунна хоёр зүүн нутгийнхнаас амьд үлдсэн 15 000 орчим цэрэгтэйгээ Каркорт байжээ. Илд агссан 120 000 цэрэг нь алагдсан байв. 11 Гидеон тэндээс Ноба, Иогбехагийн зүүн талд байдаг нүүдэлчдийн замаар өгсөж дайсныхаа хуаран руу гэнэдүүлэн довтлов. 12 Мидианы хаад болох Зеба Залмунна хоёрыг зугтахад Гидеон тэднийг нэхэн хөөгөөд барьж авч, хуаранг нь түйвээв.
13 Тэгээд Иоашийн хүү Гидеон Херес рүү өгсдөг замаар буцжээ. 14 Замдаа Суккотын нэг залууг олзлон авч байцаагаад захирагчид, ахлагчид нь болох 77 хүний нэрийг бичүүлж авав. 15 Тэгээд Гидеон Суккотын хүмүүс дээр очоод «Та нар өмнө нь “Бид танай ядарсан цэргүүдэд яагаад талх өгөх ёстой гэж? Та нар тэднийг бариагүй байгаа биз дээ?” гэж тохуурхаад байсан билүү? Зеба Залмунна хоёр энд байна» гээд 16 хотын ахлагчдыг нь цөлийн өргөст ургамал, халгайгаар хашраав. 17 Бас Пенуелийн цамхгийг нурааж, хотын эрчүүдийг хөнөөв.
18 Тэрбээр Зеба Залмунна хоёроос «Та нар Табор ууланд ямар хүмүүсийг алсан бэ?» гэхэд тэд: «Тан шиг, хааны хөвгүүд шиг хүмүүс байсан» гэв. 19 Гидеон: «Тэд эхээс минь төрсөн ах дүү нар минь байсан юм. Амьд Бурхан Еховагаар тангараглая. Та нар тэднийг өршөөсөн бол би та нарын амийг ч хэлтрүүлэх байсан юм» гээд 20 ууган хүү Иетертээ «Эднийг ал» гэж хэлэв. Гэтэл тэрбээр залуу байсан тул айгаад илдээ сугалж зүрхэлсэнгүй. 21 Тиймээс Зеба Залмунна хоёр Гидеонд «Чи эр хүн л юм бол хүрч ирээд өөрөө биднийг алаач» гэхэд тэрбээр тэднийг алж, тэмээнүүдийнх нь хүзүүвчинд байсан саран хэлбэртэй чимэглэлийг авлаа.
22 Израйлын эрчүүд Гидеонд «Та биднийг мидианчуудаас аварсан учраас та ч, хүү тань ч, ач тань ч биднийг захираг» гэлээ. 23 Тэгэхэд Гидеон тэдэнд «Би та нарыг захирахгүй. Миний хүү ч захирахгүй. Зөвхөн Ехова л та нарыг захирна» гэж хэлэв. 24 Гидеон цааш нь «Та нараас хүсэх юм байна. Хүн бүр олзноосоо хамрын гархи авчирч өг» (учир нь ишмаелчууд хамартаа алтан гархи зүүдэг байв) 25 гэхэд тэд «Бид дуртайяа өгнө» гэжээ. Тэгээд тэд нэг нөмрөг дэлгээд дээр нь хүн бүр олзноосоо нэг нэг хамрын гархи чулуудав. 26 Израйлчуудаас авсан алтан гархины жин нь 1 700 шекел* болов. Түүнээс гадна саран хэлбэртэй чимэг, ээмэг зүүлт, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан ноосон нөмрөгүүд, тэмээнүүдийнх нь хүзүүнээс авсан зүүлтүүд байв.
27 Гидеон тэр алтаа ефод хийхэд зарцуулж, ефодоо өөрийнхөө хот Офрад олны өмнө тавьжээ. Түүнийг нь израйлчууд шүтэв. Гидеон ефод хийснээрээ өөртөө болон гэрийнхэндээ гай тарьсан юм.
28 Мидиан израйлчуудын эрхшээлд орж, дахин тэдэнтэй тэмцэлдсэнгүй. Гидеоны үед улс орон 40 жил амар жимэр байлаа.
29 Иоашийн хүү Иеруббаал гэртээ харьж, тэндээ амьдарчээ.
30 Гидеон олон эхнэртэй байсан учраас 70 хүүтэй болсон юм. 31 Шехем дэх татвар эмээ хүү төрүүлэхэд Гидеон хүүдээ Абимелех гэдэг нэр өгчээ. 32 Иоашийн хүү Гидеон өндөр наслаад нас эцэслэв. Түүнийг абиезерчүүдийн хот Офрад байдаг эцгийнх нь булшинд оршуулсан юм.
33 Гидеоныг нас бармагц израйлчууд дахиад Баалыг шүтэв. Тэд Баал-беритийг бурхнаа болгожээ. 34 Израйлчууд өөрсдийг нь эргэн тойрных нь дайснаас аварсан Ехова Бурхнаа умартав. 35 Мөн Израйлын төлөө олон сайн үйл хийсэн Гидеон буюу Иеруббаалын гэрийнхнийг үнэнчээр хайрласангүй.