Исаиа
21 Тэнгис мэт харагдах зэлүүд газрыг* шүүх тухай мэдээ.
Өмнөд нутгаар дайрахдаа тааралдсан бүхнээ хуу хамах шуурга мэт гамшиг
Зэлүүд газраас, аймшигт нутгаас ирж байна.
2 Би нэгэн аймшигт үзэгдэл үзэв.
Урвагч нь итгэл эвдэж,
Сүйтгэгч нь устгаж байна.
Елам аа, давш! Медиа, бүсэл!
Би түүний учруулсан бүх зовлонг арилгана.
3 Энэ үзэгдлээс болж би ихэд шаналсан юм.
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ дуншиж өвддөгийн адил
Би их зовсон.
Шаналснаасаа болж юу ч сонсохгүй,
Хямарснаасаа болж юу ч харахгүй байна.
4 Зүрх минь чичирч, би айсандаа дагжина.
Хүсэж байснаар минь орой болсон ч би айдаст автав.
5 Ширээ засаж суудал бэлд!
Идэж уу!
Ноёд оо, босож бамбайг* тосол!
6 Ехова надад
«Явж, харуул гарга. Тэр юу харснаа хэлэг» гэж айлдав.
7 Тэрбээр дайны тэрэгнүүдийг харав.
Тэдгээр нь хос морьд хөллөсөн,
Илжиг хөллөсөн,
Тэмээ хөллөсөн тэрэг байлаа.
Тэрбээр алсыг ширтэн анхааралтай харав.
8 Дараа нь тэрбээр арслан архирах мэт чанга хашхиран ийн хэлэв.
«Ехова минь ээ, би өдөржин харуулын цамхаг дээр зогсож байна.
Шөнө бүр харуулын байрандаа байна.
9 Хэн ирж байгааг хараач!
Хос морьд хөллөсөн дайны тэрэгтэй эрчүүд!» гэлээ.
Дараа нь тэрбээр чанга дуугаар
«Тэр уналаа! Вавилон уналаа!
Бурхдынх нь бүх сийлмэл хөрөг газар унаж бут үсэрлээ!» гэж хэлэв.
10 Гишгэгдсэн тариа мэт ард түмэн минь ээ,
Миний* үтрэмээс гарсан бүтээгдэхүүн минь ээ,
Би та нарт Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас сонссоноо дамжууллаа.
11 Думаг* шүүх тухай мэдээ.
Сеирээс нэг хүн над руу хашхирч
«Харуул аа, өглөө болтол хэр удах вэ?
Харуул аа, өглөө болтол хэр удах вэ?» гэж асуув.
12 Харуул хариулан
«Өглөө болж байна. Бас шөнө болно.
Асуумаар байвал асуу.
Дахиад ирээрэй!» гэж хэлэв.
13 Цөлөрхөг хээрийг* шүүх тухай мэдээ.
Деданы жинчид ээ,
Та нар цөлөрхөг хээрийн модон дунд хоног төөрүүлнэ.
14 Темагийн оршин суугчид та нар
Цангасан нэгнийг устай угтагтун.
Зугтаж яваа нэгэнд талх аваачигтун.
15 Учир нь тэд илднээс, сугалсан илднээс,
Нум сумнаас, аймшигт дайнаас зугтсан юм.
16 Ехова надад ийн айлдав. «Яг нэг жил өнгөрөхөд* Кедарын бүх суу алдар үгүй болно. 17 Кедарын дайчдаас үлдэх харваач цөөхөн байх болно. Учир нь Израйлын Бурхан Ехова үүнийг айлдсан юм».