Иеремиа
46 Ехова Иеремиа зөнчид улс үндэстнүүдийн талаар айлджээ. 2 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Евфрат мөрний эрэг дээр, Кархемишийн дэргэд Вавилоны хаан Небухаднезарт* ялагдсан Египетийн фараон Некогийн их цэргийн тухай, Египетийн тухай мэдээ.
3 «Жижиг*, том бамбайгаа зэхээд
Дайн тулаанд дайран ор.
4 Морьтон цэргүүд ээ, морьдоо эмээллээд мордоцгоо.
Байраа эзэлж, дуулгаа өмсөцгөө.
Жадаа өнгөлж, хайрст хуягаа өмсөцгөө.
5 “Тэд яагаад айдаст автав?
Тэд ухарч байна. Дайчид нь бут цохигджээ.
Тэд сандран зугтав. Дайчид нь эргэж ч харсангүй.
Хаа сайгүй айдас хүйдэс” гэж Ехова айлдаж байна.
6 “Хурдан нь зугтаж чадахгүй, дайчид нь зайлж чадахгүй.
Хойд зүгт, Евфрат мөрний эрэг дээр
Тэд бүдэрч унацгаасан”.
7 Оволзон долгилох голууд шиг,
Үерлэн шуугих Нил мөрөн шиг ирж яваа энэ хэн бэ?
8 Оволзон долгилох голууд шиг,
Үерлэн шуугих Нил мөрөн шиг ирж яваа энэ нэгэн бол Египет юм.
Тэрбээр: “Би явж очоод газрыг бүрхэнэ.
Хотыг оршин суугчидтай нь устгана” гэж хэлдэг.
9 Морьд оо, давхиад бай!
Тэрэгнүүд ээ, хурдал!
10 Энэ өдөр бол Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн өшөө авах өдөр юм. Тэрбээр дайснуудаасаа өшөө авна. Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова хойд зүгийн нутагт, Евфрат мөрний дэргэд хүмүүсийг тахил болгох* тул илд нь цадталаа идэж, тэдний цусыг ханатлаа ууна.
11 Египетийн онгон охин минь,
Гилеад руу явж гавар авчир.
Өчнөөн олон эм, эмчилгээ чинь ямар ч нэмэргүй.
Чамайг эмчлэх арга байхгүй.
12 Үндэстнүүд шившгийг чинь сонссон.
Гаслан хашхирах дуу чинь газар нутгаар нэг тарсан.
Нэг дайчин нөгөөгөө мөргөж
Хоёул хамтдаа унав».
13 Вавилоны хаан Небухаднезар* Египетийг бут цохихоор ирэх тухай Ехова Иеремиа зөнчид айлдсан нь:
14 «Үүнийг Египетэд тунхагла, Мигдолд зарла.
Ноф*, Тахпанхест зарлан мэдэгд.
Ингэж хэл. “Байраа эзэлж, биеэ бэлд.
Эргэн тойрны чинь бүх хүнийг илд залгих гэж байна.
15 Хүчит эрс чинь яагаад газрын хөрснөөс арчигдав?
Ехова тэднийг түлхэн унагасан учир
Тэд байрандаа зогсож чадсангүй.
16 Үй олуулаа тэд бүдрэн унаж байна.
Өөр хоорондоо тэд:
«Бос! Ард түмэн рүүгээ, эх нутаг руугаа буцацгаая.
Харгис илднээс зугтацгаая» гэж хэлнэ”.
17 Хүчит эрс чинь тэнд хашхиран
“Египетийн фараоны ааг нь ихдэж ажил нь багаджээ.
Тэрбээр боломжийг* алджээ” гэцгээв.
18 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова нэртэй Хаан ийн айлдаж байна. “Би өөрөөрөө тангараглая.
Тэрбээр* ирж уулсын дундах Табор шиг,
Тэнгисийн дэргэдэх Кармел шиг байх болно.
19 Египетэд нутагладаг охин минь ээ,
Чи олзлогдон явах тул ачаагаа бэлд.
20 Египет бол сайхан үнээ.
Гэвч хойд зүгээс ялаанууд түүнийг хазахаар ирнэ.
21 Хөлсөлж авсан цэргүүд нь хүртэл бордсон тугал мэт.
Гэвч тэд ч бас эргэж буцан, нийлж зугтсан.
Тэдэнтэй тооцоо бодох өдөр,
Гай гамшгийнх нь өдөр ирсэн тул
Тэд байрандаа зогсож чадаагүй”.
23 Ой мод нь нэвтэршгүй шигүү санагдсан ч тэд огтолж хаяна” гэж Ехова айлдаж байна.
“Учир нь тэд тоолж барахааргүй царцаанаас ч олон билээ.
24 Египетийн охин ичгүүр шившиг болж,
Хойд зүгийн ард түмний гарт орно”.
25 Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Би Ногийн* Амоныг, фараоныг, Египетийг, бурхдыг нь, хаадыг нь буюу фараоныг түүнд найддаг бүхэнтэй нь шийтгэх гэж байна” хэмээн айлдав.
26 “Би тэднийг амийг нь эрэлхийлдэг хүмүүст, Вавилоны хаан Небухаднезар* болон түүний албатуудад тушаана. Хожим нь тэрбээр* урьдынх шигээ оршин суугчидтай болно” хэмээн Ехова айлдаж байна.
27 “Харин миний зарц Иаков аа, бүү ай.
Израйл аа, бүү тэвд.
Алсад байгаа чамайг би аварна.
Үр удмыг чинь олзлогдсон газраас нь буцааж авчирна.
Иаков эргэн ирж амар жимэр, айх аюулгүй байх болно.
Хэн ч тэднийг айлгахгүй.
28 Тийм учраас миний зарц Иаков аа, бүү ай. Би чамтай хамт байна.
Би ард түмнийг чинь үндэстнүүдийн дунд тараан хаясан боловч одоо тэр үндэстнүүдийг бүгдийг нь устгана.
Гэхдээ чамайг устгахгүй.
Харин зохих ёсоор шийтгэнэ*.
Яасан ч шийтгэхгүй орхихгүй” хэмээн Ехова айлдаж байна».