Иеремиа
10 Израйлчууд аа, Еховагийн анхааруулгыг сонсогтун. 2 Ехова айлдаж байна.
«Үндэстнүүдийн ёс заншлыг бүү дага.
Тэд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг.
Харин та нар бүү ай.
3 Улс үндэстний ёс заншил утгагүй хоосон шүү дээ.
Хүн ойгоос мод огтолж авчрахад
Сийлбэрчин түүнийг нь авч багажаараа шүтээн урладаг.
4 Хүмүүс тэр шүтээнийг алт мөнгөөр чимэглэж,
Унагахгүйн тулд алхаар хадаас хадан тогтоодог.
5 Өргөст хэмхний талбай дахь мануухай адил тэд юм ярьж чадахгүй.
Алхаж явж чадахгүй учраас өргүүлж зөөлгөж явдаг.
Хор ч хүргэж чадахгүй, сайныг ч хийж чадахгүй учир
Тэдгээрээс бүү ай».
6 Ехова минь ээ, тантай адил хэн ч байхгүй.
Та бол агуу, таны нэр агуу бөгөөд хүчирхэг.
7 Үндэстнүүдийн Хаан минь ээ, танаас эмээхгүй хэн байна вэ? Эмээх ч ёстой.
Яагаад гэвэл бүх үндэстэн, бүх хаант улсын мэргэдийн дунд
Тантай адил хэн ч байхгүй.
8 Тэд бүгдээрээ ухаангүй, мунхаг юм.
Модон шүтээнээс авсан заавар утгагүй хоосон.
9 Давтсан мөнгө нь Таршишийнх, алт нь Уфазынх.
Сийлбэрчний урлал, төмрийн дархны бүтээл.
Өмсгөсөн хувцас нь хөх утас, ягаан ноосоор нэхсэн эд.
Тэдгээр нь бүгд гар урчуудын бүтээл.
10 Харин Ехова бол үнэхээр Бурхан.
Амьд Бурхан, мөнхийн Хаан.
Уурлахад нь дэлхий чичирнэ.
Зэмлэхэд нь үндэстнүүд үл тэснэ.
11* Чи тэдэнд
«Тэнгэр газрыг бүтээгээгүй бурхад
Дэлхийгээс, тэнгэрийн доороос арчигдана» гэж хэл.
12 Тэр бол хүч чадлаараа газар дэлхийг бүтээж,
Мэргэн ухаанаараа үржил шимтэй газрыг бий болгож,
Оюун ухаанаараа тэнгэрийг дэлгэсэн Нэгэн юм.
Аянга цахилгаантай бороог илгээж*,
Агуулахаасаа салхи гаргадаг.
14 Хүн бүр нь ухвар мөчид бөгөөд мэдлэггүй.
Төмрийн дархчуул нь сийлмэл шүтээнээс болж шившиг болно.
Учир нь цутгамал* шүтээн нь хуурамч.
Дотор нь амийн хүч* байхгүй.
15 Тэдгээр нь утгагүй хоосон, инээд хүрэм зүйл юм.
Тооцоо бодох өдөр тэд устгагдана.
16 Иаковын Бурхан* бол тэдэн шиг биш.
Тэрбээр бүхнийг бүтээсэн Нэгэн.
Израйл бол түүний таяг, түүний өмч*.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.
17 Бүслэлтэд орсон эмэгтэй минь,
Багласан юмнуудаа газраас хамж ав.
18 Учир нь Ехова:
«Би одоо энэ газрын оршин суугчдыг хөөн зайлуулах* гэж байна.
Би тэдэнд зовлон учруулна» гэж айлдаж байна.
19 Шархадсан би золгүй еэ!
Шарх минь эдгэшгүй.
Би ингэж хэлэв. «Энэ бол миний өвчин. Тэсэхээс өөр аргагүй.
20 Майхан минь сүйдэж, уяанууд нь тасарчээ.
Хөвгүүд минь намайг орхиж явсан. Тэд байхгүй болсон.
Майхныг минь босгож, бүрээсийг нь дэлгэх хэн ч үлдсэнгүй.
21 Хоньчид ухаангүй авирласан.
Еховагаас асуугаагүй.
Тийм болохоор тэд мунхаг хэрэг үйлдсэн.
Мал сүрэг нь тарж бутарсан».
22 Сонсогтун! Мэдээ ирж байна!
Хойд зүгийн нутгаас их шуугиан сонсогдож байна.
Иудагийн хотуудыг эзгүйрүүлж чононцрын үүр болгох гэж байна.
23 Ехова минь ээ, би нэг зүйлийг сайн мэдэж байна.
Хүн өөрөө замаа залах мэдэлгүй, алхмаа ч чиглүүлэх эрхгүй.
24 Ехова минь ээ, намайг засаж залруулаач.
Гэхдээ ууртай үедээ биш шүү. Эс тэгвэл би устгагдаж мэднэ.
25 Таныг үл тоомсорлодог үндэстнүүдэд,
Таны нэрийг дууддаггүй овгуудад уураа гаргаач.
Учир нь тэд Иаковыг залгисан.
Түүнийг залгиж, устган
Эх нутгийг нь сүйрүүлсэн.