Номлогчийн үгс
10 Үхсэн ялаа анхилуун үнэрт тосыг муутгаж өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл нь мэргэн ухаан, алдар хүндийг балладаг.
2 Ухаант хүний зүрх сэтгэл зөв зам руу хөтөлдөг бол, мунхаг хүний зүрх сэтгэл буруу зам руу хөтөлдөг. 3 Тэнэг хүн ямар ч замаар явсан ухаан дутах бөгөөд бүх хүнд мунхгаа харуулдаг.
4 Хэрэв захирагч чинь чамд уурлан хилэгнэвэл байраа орхин явах хэрэггүй. Тайван байвал ноцтой нүглийг нимгэлнэ.
5 Нарт хорвоод миний харсан эмгэнэлт явдал бол эрх мэдэлтэй хүмүүсийн гаргадаг алдаа юм. 6 Юу гэвэл мунхгууд өндөр албан тушаалд томилогдож, чадвартай* хүмүүс доогуур байр суурьтай хоцордог.
7 Зарц нар нь морь унаж, ноёд нь зарц шиг явган явахыг би харлаа.
8 Нүх ухсан хүн нүхэндээ унаж мэднэ. Чулуун хана нураасан хүн могойд хатгуулж мэднэ.
9 Чулуу олборлогч нь чулуундаа бэртэж мэднэ. Түлээ хагалагч нь түлээндээ цохиулж мэднэ*.
10 Сүхний ир мохоход хурцлахгүй бол их хүч зарцуулна. Харин мэргэн ухааны ачаар амжилт олно.
11 Ховсдохоосоо өмнө могойд хатгуулчихвал ховсдох чадвартай байхын хэрэг юун.
12 Мэргэн ухаант хүний амнаас гарсан үг таатай. Мунхаг хүний яриа* өөрийг нь сүйрүүлнэ. 13 Түүний яриа мунхаглалаар эхэлж, солиорлоор төгсдөг бөгөөд гай тарьдаг. 14 Гэсэн ч мунхаг хүн яриад л байдаг.
Ирээдүйд юу болохыг хүн мэдэхгүй. Өөрөөс нь хойш юу тохиолдохыг хэн түүнд хэлж чадах вэ?
15 Мунхаг хүнийг нөр их хөдөлмөр нь туйлдуулдаг. Тэрбээр хот орох замыг хэрхэн олохоо ч мэддэггүй.
16 Хаан нь балчир, ноёд нь өглөөнөөс авхуулаад найрладаг бол тэр улс гүрэн хэчнээн хөөрхийлөлтэй вэ! 17 Язгууртан хүний хүү төр барьдаг бөгөөд ноёд нь согтуурахын тулд бус, хүчээ сэлбэхийн тулд зохистой цагт идэж уудаг бол тэр улс гүрэн хэчнээн жаргалтай вэ!
18 Их залхуурснаас болж дээврийн дам нуруу хотойдог. Гараа хумхиснаас болж дусаал гоождог.
19 Талхыг* инээд баяслын төлөө хийдэг. Дарс амьдралыг баяр баясгалантай болгодог. Харин мөнгө бүх хэрэгцээг хангадаг.
20 Бодол санаандаа* ч хааныг бүү хараа, унтлагын өрөөндөө баячуудыг бүү хараа. Учир нь шувууд үгийг чинь дамжуулж, жигүүртнүүд хэлснийг чинь давтаж мэднэ.