Эхлэл
8 Бурхан Ноа болон түүнтэй хамт авдарт байсан бүх зэрлэг амьтан, мал адгуусыг анхаарч, газар дээр салхи салхилуулсанд ус татарч эхлэв. 2 Тэнгэрээс ус цутгахаа больж, тэнгэр дэх усны бүх хаалга хаагдаж улмаар бороо зогсов. 3 Тэгээд ус аажмаар татарсаар 150 хоногийн эцэст нэлээд багассан байв. 4 Долоо дахь сарын 17-ны өдөр хөвөгч авдар Арарат уулан дээр тогтов. 5 Арав дахь сарыг хүртэл ус аажмаар татарсаар байлаа. Арав дахь сарын эхний өдөр уулсын орой үзэгдэх болжээ.
6 Дөч хоногийн эцэст Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээж 7 нэг хэрээг гаргаж нисгэв. Хэрээ нисэж байгаад эргэж ирдэг байлаа. Газрын гадаргуу хаттал ийнхүү ниссэн юм.
8 Ноа газрын гадарга дээрх ус багассан эсэхийг мэдэх гэж дараа нь тагтаа нисгэв. 9 Ус газрын гадаргыг бүрхэж байсан учир тагтаа буух газар ололгүй, хөвөгч авдарт байсан Ноа руу буцаж иржээ. Ноа гараа сунган тагтааг хөвөгч авдарт оруулав. 10 Ноа долоон хоног хүлээгээд тагтааг дахин гаргаж нисгэв. 11 Оройн хэрд тагтаа буцаж ирэхдээ чидуны шинэхэн навч зуусан байхыг Ноа харлаа! Ингээд Ноа ус багассаныг мэдэв. 12 Ноа дахиж нэг долоо хоног хүлээгээд тагтааг гаргаж нисгэв. Тагтаа буцаж ирсэнгүй.
13 Ноаг 601 нас хүрсэн тэр жилийн нэг дэх сард, уг сарын эхний өдөр газар дээрх ус татарсан байв. Ноа хөвөгч авдрын дээврийг аваад харахад газрын гадарга хатаж байлаа. 14 Хоёр дахь сард, уг сарын 27-ны өдөр газар хатсан байв.
15 Бурхан Ноад 16 «Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ хөвөгч авдраас гар. 17 Бас бүх төрлийн амьтан буюу жигүүртэн амьтан, мал адгуус, зэрлэг амьтан, хэвлээр явагчдыг гарга. Тэгээд амьтад дэлхийгээр тархаж, өсөн нэмэгдэж, үржиж олшрог» хэмээжээ.
18 Ингээд Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ гарчээ. 19 Мөн хэвлээр явагчид, жигүүртэн амьтад, газар дээр хөдөлдөг амьтад гээд бүх амьтан хэсэг хэсгээрээ хөвөгч авдраас гарчээ. 20 Тэгээд Ноа Еховад зориулан тахилын ширээ босгоод бүх цэвэр амьтан, бүх цэвэр шувуунаас авч тахилын ширээн дээр шатаах тахил болгон өргөв. 21 Анхилуун үнэр нь Еховад таатай байв*. Иймээс Ехова: «Би хүнээс болж газрыг дахиж хэзээ ч хараахгүй. Хүний бодол санаа бүр багаас нь муу муухай байдаг. Би амьд бүхнийг ийнхүү дахиж хэзээ ч устгахгүй. 22 Үүнээс хойш газар дэлхийд тариалалт хураалт, халуун хүйтэн, өвөл зун, өдөр шөнө байсаар байна» гэж өөртөө хэлжээ.