Хоёрдугаар Самуел
4 Абнерыг Хебронд үхсэнийг Саулын хүү Иш-бошет сонсоод зориг нь мохжээ. Израйлчууд ч бүгдээрээ айж сандарцгаав. 2 Саулын хүү Иш-бошетын дээрмийн бүлгүүд хоёр толгойлогчтой байсан бөгөөд нэгийг нь Баана, нөгөөг нь Рехаб гэдэг байлаа. Тэд Бениамин овгийн беерот хүн Риммоны хүүхдүүд аж. (Учир нь Бееротыг Бениамин овгийн нэг хэсэг гэж тооцдог байв. 3 Беерот хүмүүс Гиттаим руу дүрвэж, өнөөг хүртэл тэнд амьдарч байна.)
4 Саулын хүү Ионатанд суумгай хүү байжээ. Хүүг таван настай байхад Саул Ионатан хоёр амь үрэгдсэн тухай мэдээ Иезреелээс ирэхэд асрагч нь түүнийг аваад зугтсан юм. Айж сандран зугтаж явахдаа хүүг унагасан учраас хүүгийн хөл гэмтэж суумгай болжээ. Хүүг Мефибошет гэдэг байв.
5 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб Баана хоёр өдрийн ид халуунд Иш-бошетыг гэртээ амарч байхад нь очжээ. 6 Тэр хоёр буудай авах гэж ирсэн хүн шиг дүр үзүүлэн гэрт нь орж хэвлий рүү нь хутгалаад зугтав. 7 Тэднийг ордонд ороход Иш-бошет унтлагын өрөөнийхөө орон дээр хэвтэж байсан бөгөөд тэд түүнийг хутгалж алаад толгойг нь тасдан авлаа. Толгойг нь аваад шөнөжингөө Араба хүрдэг замаар алхжээ. 8 Рехаб Баана хоёр Хебронд буй Давид дээр Иш-бошетын толгойг аваачаад «Энэ бол амийг тань эрж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. Ехова өнөөдөр Саул болон Саулын үр удмаас эзэн хааны минь өш хонзонг авлаа» гэж хэлэв.
9 Тэгэхэд нь Давид беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб Баана хоёрт «Бүх зовлонгоос минь аварсан амьд Бурхан Еховагаар тангараглая. 10 Нэгэн хүн надад сайн мэдээ авчирч байна гэж бодоод “Саул үхсэн” гэж хэлсэн ч би түүнийг барьж аваад Зиклагт хөнөөсөн. Тэр хүнийг би тэгж шагнасан юм. 11 Зөв шударга хүнийг гэрт нь орж орон дээр нь хөнөөсөн бузар муу хүмүүсийг бүр ч илүү шийтгэнэ. Иш-бошетын амийг хөнөөсний чинь төлөө би та нарыг шийтгэж, газрын хөрснөөс арчихгүй гэж үү?» хэмээн айлдлаа. 12 Ингээд Давид тэднийг алахыг залуучууддаа тушаав. Тэд Рехаб Баана хоёрыг алж, гар, хөлийг нь цавчиж хаяад Хеброн дахь цөөрмийн дэргэд дүүжлэв. Харин Иш-бошетын толгойг Хеброн дахь Абнерын булшинд оршуулжээ.