Эхлэл
47 Ингээд Иосеф фараон дээр явж очоод «Миний эцэг, ах дүү нар маань Канаанаас мал сүрэг, байгаа бүхнээ авч ирээд одоо Гошенд байна» хэмээжээ. 2 Иосеф ах дүүгээсээ тавыг нь фараонд бараалхуулав.
3 Фараон ах дүүгээс нь «Та нар юу хийдэг хүмүүс вэ?» гэхэд тэд: «Таны боол бид хоньчид. Өвөг дээдэс маань ч хоньчид байсан» гэж хариулжээ. 4 Тэгээд тэд фараонд «Бид энэ нутагт харь хүн болж амьдрахаар ирлээ. Канаан нутаг их өлсгөлөнд нэрвэгдэж боолуудын тань мал сүрэг бэлчээргүй болсон юм. Иймээс боолууддаа Гошен нутагт суухыг зөвшөөрнө үү» гэхэд 5 фараон Иосефт «Чиний эцэг, ах дүү нар чинь чам дээр ирсэн байна шүү дээ. 6 Египетийн нутаг чиний мэдэлд байна. Энэ нутгийн хамгийн сайхан газар эцгээ, ах дүүгээ суулгаарай. Гошенд суулга. Бас танайхан дунд сайн малчин байвал миний сүргийг хариулуул» гэж хэлэв.
7 Тэгээд Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд фараонд бараалхуулахад Иаков фараоныг ерөөв. 8 Фараон Иаковаас «Таны нас сүүдэр хэд вэ?» гэж асуухад 9 Иаков фараонд «Хэрэн хэсүүчилж амьдарсан би 130 хүрчээ. Хэдий өндөр наслаагүй ч хэцүү бэрхийг их тууллаа. Хэрэн хэсүүчилж амьдарсан өвөг дээдэс маань надаас урт насалсан» гэж хариулжээ. 10 Иаков фараоныг ерөөгөөд гарч явав.
11 Ингээд Иосеф фараоны тушааснаар эцгээ, ах дүү нараа Египетэд суурьшуулж, хамгийн сайхан газар нь буюу Раамсест эзэмшил өгчээ. 12 Иосеф эцэгтээ, ах дүүдээ, эцгийнхээ гэрийнхэнд хүүхдийнх нь тоогоор хоол хүнс өгдөг байв.
13 Их өлсгөлөн гаарсаар бүх газар нутаг хоол хүнсгүй болж, египетчүүд ч, канаанчууд ч өлсгөлөнгөөс болж туйлджээ. 14 Иосеф хүмүүст тариа будаа зарж, Египет, Канааны бүх мөнгийг цуглуулж фараонд тушааж байлаа. 15 Египетчүүд, канаанчууд хамаг мөнгөө баржээ. Египетчүүд бүгдээрээ Иосеф дээр ирээд «Бидэнд хоол хүнс өгөөч! Биднийг мөнгөгүй гээд та харсаар байж үхүүлэх юм гэж үү?» гэх болов. 16 Тэгэхэд Иосеф: «Мөнгө чинь дууссан бол малаа өгөгтүн. Оронд нь би хоол хүнс өгье» хэмээжээ. 17 Иймд тэд малаа Иосефт авчрах болж, Иосеф ч адуу, хонь, ямаа, үхэр, илжигнийх нь оронд хоол хүнс өгч байв. Тэр жилдээ бүх малынх нь оронд хоол хүнс өгсөн юм.
18 Тэр жил шувтарч, дараа жил нь тэд Иосеф дээр ирээд «Эзэн танаас юуг нь нуух вэ дээ. Бид хамаг мөнгө, мал сүргээ танд өгсөн билээ. Эзэнтэн, одоо бидэнд энэ бие, газраас өөр юу ч алга. 19 Бид таныг харсаар байхад үхэж, газар маань сүйдэх ёстой юм гэж үү? Биднийг газартай маань аваад оронд нь хоол хүнс өгөөч. Бид фараоны зарц болъё. Газар маань ч фараоных болог. Бидэнд тарих үр өгнө үү. Тэгвэл бид өлсөж үхэхгүй, амь гарна. Газар маань ч сүйдэхгүй» гэсэн ажээ. 20 Тэгэхээр нь Иосеф египетчүүдийн бүх газрыг худалдан авч фараоны мэдлийнх болгов. Их өлсгөлөнгийн улмаас Египетийн бүх хүн газраа зарсан нь энэ юм. Ийнхүү газар фараоных болжээ.
21 Ингээд Иосеф Египетийн нэг захаас нөгөө зах хүртэл ард олныг хотууд руу нүүлгэжээ. 22 Гагцхүү тахилчдын газрыг тэрбээр аваагүй юм. Яагаад гэвэл тахилчид фараоноос хувь хүртдэг, тэр хувиараа амьдардаг байв. Иймээс тэд газраа зараагүй юм. 23 Иосеф ард түмэнд «Би та нарыг болон та нарын газрыг худалдан авч фараоны мэдлийнх болголоо. Та нарт үр өгье. Газартаа тарь. 24 Ургахаар нь тавны нэгийг нь фараонд өгөгтүн. Тавны дөрвийг нь өөрсдөө аваад газартаа тариарай, ар гэрийнхэн, үр хүүхэдтэйгээ идээрэй» гэж хэлжээ. 25 Ард олон: «Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ таалалд багтах болтугай. Бид фараоны зарц болъё» гэцгээв. 26 Тэр үед Иосеф нэгэн тогтоол гаргасан нь өнөөг хүртэл Египетэд хүчинтэй байдаг юм. Тэр нь тавны нэг бол фараоных гэсэн тогтоол ажээ. Гагцхүү тахилчдын газар фараоных болоогүй юм.
27 Израйлынхан Египетийн Гошен нутагт суун тэндээ суурьшиж, өсөн нэмэгдэж өнөр өтгөн болов. 28 Иаков Египетэд 17 жил амьдарч, 147 насалжээ.
29 Израйл үхэх цаг нь дөхөхөд хүү Иосефоо дуудаж «Би чиний таалалд нийцсэн бол намайг хувиршгүй сэтгэлээр хайрлаж, надад үнэнч байхаа миний гуян доор гараа хийн тангараглаач. Намайг Египетэд бүү оршуулаарай. 30 Намайг үхэхээр Египетээс авч яваад өвөг дээдсийн минь булшинд оршуулаарай» гэхэд Иосеф: «Хэлснээр тань болъё» гэж хэлэв. 31 Эцэг нь: «Надад тангараглаач» гэсэнд Иосеф тангараглажээ. Израйл орныхоо толгойн хавьд мэхийв.