Эхлэл
50 Иосеф эцгийнхээ дээрээс бөхийн уйлж үнсэв. 2 Иосеф үйлчлэгч эмч нартаа эцгийг нь занданшуулахыг тушаахад эмч нар Израйлыг занданшуулав. 3 Ийнхүү бүтэн 40 хоног занданшуулжээ. Занданшуулахад ийм хугацаа ордог ажээ. Египетчүүд түүний хойноос 70 хоног гашуудав.
4 Гашуудах хугацаа дуусахад Иосеф фараоны ордныхонд «Би та нарын таалалд нийцсэн бол фараонд ийн уламжилж өгнө үү. 5 “Миний эцэг: «Би удахгүй үхнэ. Канаанд миний өөртөө бэлдсэн оршуулгын газарт намайг оршуулаарай» гэж хэлэхэд би эцэгтээ тангарагласан юм. Намайг явуулна уу. Би эцгээ оршуулаад ирье”» гэжээ. 6 Тэгэхэд фараон: «Явж тангарагласан ёсоороо эцгээ оршуулагтун» гэж хэлэв.
7 Ингээд Иосефыг эцгээ оршуулахаар явахад фараоны бүх зарц буюу ордны түшмэд, Египетийн бүх ноён хамт явжээ. 8 Бас Иосефын гэрийнхэн бүгдээрээ, ах дүү нь, эцгийнх нь гэрийнхэн явжээ. Тэд хүүхэд багачууд, мал сүргээ л Гошенд үлдээв. 9 Иосефтой хамт бас тэрэг, морьд хөлөглөсөн хүмүүс явлаа. Ийнхүү их олуулаа явжээ. 10 Тэд Иорданы бүс нутаг дахь Атадын үтрэм дээр ирээд ихэд эмгэнэн гашуудаж уйлав. Иосеф эцгийнхээ хойноос долоон хоног гашууджээ. 11 Тэр нутгийн канаанчууд Атадын үтрэм дээр тэдний гашуудахыг хараад «Египетчүүд ихэд гашуудаж байна даа» гэлцэв. Иймээс Иорданы бүс нутаг дахь тэр газрыг Абел-мизраим* гэх болжээ.
12 Хөвгүүд нь эцгийнхээ захисан ёсоор гүйцэтгэв. 13 Тэд түүнийг Канаанд авчраад Мамрегийн ойролцоох Махпелагийн талбай дахь агуйд оршуулжээ. Тэр талбайг Абрахам оршуулгын газар болгон өмчилж хит хүн Ефроноос худалдаж авсан билээ. 14 Иосеф эцгээ оршуулаад ах дүүтэйгээ, мөн оршуулгад явсан бүх хүнтэй хамт Египет рүү буцлаа.
15 Эцэг нь нас барахад Иосефын ах нар: «Иосеф өш санаж өөрт нь муу юм хийсэн биднээс хариугаа авч мэдэх юм» гэж ярилцав. 16 Иймээс тэд Иосефт хэл хүргүүлж «Чиний эцэг өнгөрөхөөсөө өмнө ингэж захисан билээ. 17 “Та нар Иосефт ингэж хэл. «Ах нарынхаа гэм бурууг уучилж, чамд муу юм хийсэн тэдний нүглийг уучлахыг чамаас гуйя»” гэсэн юм. Иймд эцгийнхээ Бурхны үйлчлэгчдийн гэм бурууг уучилна уу» гэв. Үүнийг сонсоод Иосеф уйлжээ. 18 Тэгэхэд ах нар нь бас ирээд сөхөрч «Бид бол таны зарц нар» гэсэнд 19 Иосеф: «Айх хэрэггүй. Би та нарыг шүүх Бурхан гэж үү? 20 Та нар надад хор хүргэх гэсэн боловч Бурхан энэ явдлыг сайнаар эргүүлж өнөөдрийнх шиг олон хүнийг аврах санаатай байжээ. 21 Иймээс бүү ай. Би та нарт, танай хүүхдүүдэд тариа будаа өгнө» гэж хэлэв. Ийнхүү Иосеф тэднийг тайвшруулж, тэдэнтэй ярилцаж санааг нь амраажээ.
22 Иосеф болон эцгийнх нь гэрийнхэн Египетэд амьдран суусаар байв. Иосеф 110 насалжээ. 23 Иосеф Ефраимын ач нарыг, Манассегийн хүү Махирийн хөвгүүдийг ч үзэв. Тэднийг төрсөн хүүхдүүд шигээ үздэг байлаа*. 24 Эцэст нь Иосеф ах дүүдээ «Нүд аних цаг минь болжээ. Гэхдээ Бурхан та нарыг анхаарч, энэ нутгаас гарган Абрахам, Исаак, Иаковт амласан газартаа аваачих нь гарцаагүй» гэж өгүүлэв. 25 Тэгээд Иосеф: «Бурхан та нарыг анхаарах нь дамжиггүй. Та нар миний ясыг эндээс авч яваарай» гэж хэлэхэд Израйлын хөвгүүд тангараглажээ. 26 Иосеф 110-тайдаа нас барав. Тэд түүнийг занданшуулж Египетэд авсанд хийсэн юм.