Хоёрдугаар Самуел
3 Саулынхан болон Давидынхан хоорондоо удаан хугацаанд дайтсан юм. Давид улам хүчирхэгжиж, Саулынхан улам бүр доройтсоор байлаа.
2 Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хүү Амнон нь иезреел эмэгтэй Ахиноамаас төржээ. 3 Удаах хүү нь Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Хилеаб байлаа. Гурав дахь хүү Абсалом нь Гешурийн хаан Талмаин охин Маакагаас төржээ. 4 Дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа, тав дахь нь Абиталаас төрсөн Шефатиа байлаа. 5 Зургаа дахь нь Итреам бөгөөд эхнэр Еглагаас нь төржээ. Эдгээр нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд юм.
6 Саулынхан болон Давидынхны хооронд дайн үргэлжилж, Саулынхны дунд Абнер улам нэр нөлөөтэй болж байлаа. 7 Аиагийн охин Ризпа нь Саулын татвар эм байжээ. Нэг өдөр Иш-бошет Абнерт «Чи эцгийн минь татвар эмтэй яагаад нөхцөв?» гэв. 8 Ийн хэлэхэд нь Абнер ихэд уурлаж «Би Иудагийн нохой юм уу? Би өнөөг хүртэл чиний эцэг Саулын гэрийнхнийг, ах дүү, найз нөхдийг чинь үнэнчээр хайрлаж ирсэн. Би чамайг Давидад барьж өгөөгүй биз дээ? Гэтэл чи өнөөдөр намайг нэг эмэгтэйгээс болж буруутгалаа. 9 Хэрэв би Давидад Еховагийн тангарагласны дагуу үйлдэхгүй бол намайг Бурхан хатуу шийтгэг. 10 Бурхан Саулын гэрийнхнээс хаант засаглалыг Давидад шилжүүлэн өгч, засаглалыг нь Данаас Беершеба хүртэл, Израйл болон Иудад бат тогтоохоо тангарагласан юм» гэлээ. 11 Иш-бошет Абнераас айж байсан болохоор хариуд нь нэг ч үг хэлсэнгүй.
12 Абнер тэр даруй Давид руу элч нараа илгээж «Энэ нутаг хэнийх билээ дээ?» гээд цааш нь «Надтай гэрээ байгуулна уу. Израйлчуудыг бүгдийг нь таны талд оруулахын тулд би чадах бүхнээ хийнэ» гэж хэлүүллээ. 13 Давид хариуд нь «Сайн байна! Би тантай гэрээ байгуулъя. Гэхдээ нэг нөхцөлтэй. Надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг авчрахгүй бол надтай уулзана гэж битгий бодоорой» гэж хэлэв. 14 Дараа нь Давид элч нараа Саулын хүү Иш-бошет руу явуулж «Миний эхнэр Михалыг надад өг. Би Михалтай сүй тавих гэж 100 филист хүний тээрхийн арьсыг өгч байсан» гэж хэлүүллээ. 15 Тэгэхэд нь Иш-бошет Михалыг түүний нөхөр, Лаишийн хүү Палтиелээс салгаж авчруулахаар хүн илгээжээ. 16 Харин Палтиел эхнэрээ даган уйлж явсаар Бахурим хүрэв. Абнер түүнд «Яв, одоо буц!» гэхэд Палтиел буцлаа.
17 Энэ хооронд Абнер Израйлын ахлагчдад хэл хүргүүлж «Та нар аль эртнээс л Давидыг хаанаа болгохыг хүсэж байсан. 18 Одоо хаанаа болго. Учир нь Ехова Давидад “Миний үйлчлэгч Давид аа, би ард түмэн израйлчуудаа филистчүүдийн болон бүх дайсных нь савраас чамаар авруулна” гэсэн билээ» гэв. 19 Дараа нь Абнер бениаминчуудтай ярилцав. Тэгээд тэрбээр израйлчууд болон бениаминчуудыг ямар зөвшилцөлд хүрснийг Хебронд буй Давидад хувьчлан хэлэхээр явжээ.
20 Абнерыг Хебронд Давид дээр 20 хүнтэй очиход Давид тэдэнд зориулж найр хийлээ. 21 Абнер Давидад «Эзэн хаан таны төлөө израйлчуудыг бүгдийг нь цуглуулахыг надад зөвшөөрнө үү. Тэгвэл тэд тантай гэрээ байгуулж, та хүссэн ёсоороо Израйл үндэстнийг бүхэлд нь захирна» гэж хэлэв. Иймээс Давид Абнерыг үдэв. Абнер амар амгалан явж одлоо.
22 Яг тэр үеэр Иоаб Давидын цэргүүдтэй хамт довтолгооноос олз омог ихтэй буцаж ирэв. Харин Абнер Давидтай хамт Хебронд байсангүй. Учир нь Давид Абнерыг үдэж, Абнер амар амгалан явсан байлаа. 23 Иоабыг цэргүүдээ дагуулаад ирэхэд нь түүнд «Хаан дээр Нерийн хүү Абнер ирсэн. Хаан Абнерыг үдэж, Абнер амар амгалан явж одсон» гэж хэлэв. 24 Тэгэхэд нь Иоаб хаан дээр очоод «Та юу хийчхэв ээ? Абнер тан дээр ирсэн байтал та яагаад явуулчхав? Түүнийг хамар доороосоо алдчихлаа шүү дээ. 25 Та Нерийн хүү Абнерыг ямар мэдэхгүй биш! Тэр таныг мэхлэхээр ирсэн нь лавтай. Бас таны зорилго төлөвлөгөө, хийж байгаа бүх юмыг тандахаар ирснээс зайлахгүй» гэжээ.
26 Иоаб Давидынхаас гараад элч нараа Абнерын араас илгээв. Тэд Абнерыг Сирагийн нөөцлүүрийн тэндээс авчирчээ. Давид энэ тухай юу ч мэдсэнгүй. 27 Абнерыг Хебронд буцаж ирэхэд Иоаб түүнтэй хувьчлан уулзахаар хотын дааман хаалганы дотогш дагуулан оров. Тэгээд тэнд Иоаб Абнерын хэвлий рүү дүрж хөнөөв. Ингэж Иоаб дүү Асахелыг нь хөнөөсөн Абнераас өшөөгөө авсан юм. 28 Давид энэ тухай дараа нь сонсоод «Би болон манай ард түмэн Еховагийн өмнө Нерийн хүү Абнерын үхэлд мөнхөд буруугүй. 29 Иоаб эцгийнхээ гэрийнхэнтэй шийтгүүлэг. Гоождостой хүн, уяман өвчтэй хүн, ээрүүлээр утас ээрдэг эр*, илдэнд хөнөөгдөх хүн, өлөн зэлмүүн хүн Иоабын удмаас хэзээ ч бүү тасраг!» гэлээ. 30 Гибеонд болсон тулаанд Абнер Иоабын дүү Асахелыг хөнөөсөн учраас Иоаб Абишаи хоёр Абнерыг хөнөөсөн юм.
31 Давид Иоабт болон хамт байсан хүмүүст нь «Хувцсаа урж, таар нөмрөөд Абнерын хойноос гашуудан уйл» гэв. Давид хаан өөрөө оршуулгын цувааны араас алхаж байлаа. 32 Тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшны дэргэд чангаар гашуудан уйлав. Хүмүүс ч гашуудан уйлцгаалаа. 33 Абнерын хойноос хаан гашуудан дуулж:
«Абнер юунд ингэж гутамшигтайгаар үхэв?
34 Гар тань хүлээсгүй,
Хөл тань дөнгөгүй хэр нь
Гэмт этгээдийн гарт амиа алдах мэт үхлээ» гэв.
Тэгэхэд нь хүмүүс дахин уйллаа.
35 Дараа нь Давидын хүмүүс Давид дээр очоод юм идэхийг ятгахад* тэрбээр: «Хэрвээ намайг нар жаргахаас өмнө талх амсаж, ямар нэг юм идвэл Бурхан хатуу шийтгэг!» хэмээн тангараглав. 36 Хүмүүс хаанаа уй гашууд автсаныг хараад арга ч үгүй биз гэж бодов. Хааны хамаг хэрэг тэдэнд зөв зүйтэй санагддаг байсны адилаар энэ нь ч тэдэнд зөв зүйтэй санагджээ. 37 Тэр өдөр Давидын хүмүүс болон израйлчууд бүгдээрээ Нерийн хүү Абнерын үхэлд Давид хаан ямар ч буруугүйг ойлгожээ. 38 Дараа нь хаан албатууддаа «Өнөөдөр Израйлын удирдагч, агуу хүн үхсэнийг та нар мэдэж байна уу? 39 Би тослогдсон хаан мөртлөө өнөөдөр хүчин мөхөс байна. Энэ Зеруиагийн хөвгүүд дэндүү харгис юм. Ехова хорон муу нэгэнд хорон муу үйлийнх нь дагуу хариулаг!» хэмээв.