Хоёрдугаар Самуел
9 Дараа нь Давид: «Саулын үр удмаас амьд үлдсэн хүн байна уу? Би Ионатаны төлөө түүнд үнэнч хайраа илэрхийлмээр байна» гэв. 2 Саулын гэрт үйлчилдэг байсан Зиба гэдэг нэг албат байжээ. Тэрбээр дуудагдаж Давид дээр ирэв. Хаан түүнээс «Чи Зиба мөн үү?» гэхэд «Тийм ээ, эзэнтэн минь» гэлээ. 3 Хаан: «Саулын гэрийнхнээс амьд үлдсэн хүн байна уу? Бурхны илэрхийлдэг үнэнч хайрыг би түүнд илэрхийлмээр байна» гэхэд Зиба: «Ионатаны нэг хүү бий. Хоёр хөл нь гэмтэж суумгай болсон юм» гэлээ. 4 Хаан: «Тэр хаана байгаа вэ?» гэж асуухад Зиба: «Ло-дебарт Аммиелын хүү Махирын гэрт байгаа» хэмээн хариулав.
5 Давид хаан тэр даруй Ло-дебар дахь Аммиелын хүү Махирын гэр лүү хүн явуулж түүнийг авчрууллаа. 6 Саулын ач, Ионатаны хүү Мефибошет хаан дээр ирээд сунаж мөргөв. Давидыг «Мефибошет!» гэхэд тэрбээр: «За, эзэнтэн минь» гэлээ. 7 Давид түүнд «Бүү ай. Эцэг Ионатаны чинь төлөө би заавал чамайг үнэнчээр хайрлана. Би чамд Саул өвөөгийн чинь бүх газрыг өгнө. Бас чи миний ширээнд зоог барьж байх болно» гэлээ.
8 Мефибошет хөлд нь унаж «Үхсэн нохойноос өөрцгүй зарц намайг та юунд анхаарч халамжилна вэ?» гэв. 9 Тэгэхэд Давид Саулын албат Зибаг дуудуулж ирүүлээд «Би чиний эзэн Саулын бүх юмыг гэрийнхнийх нь бүх юмтай хамт ач хүүд нь өгөхөөр боллоо. 10 Чи хөвгүүд, зарц нартайгаа эзнийхээ ач хүүд зориулан газрыг нь хагалж, ургацыг нь хураан гэрийнхэнд нь хүнс болгон өгч бай. Харин эзний чинь ач хүү Мефибошетын тухайд, тэр үргэлж миний ширээнд зоог барина» хэмээн айлдлаа.
Зиба 15 хүү, 20 зарцтай байв. 11 Зиба Давид хаанд «Эзэн хааныхаа тушаасан бүхнийг зарц тань биелүүлнэ» гэв. Ингээд Мефибошет Давидын хөвгүүдийн адилаар Давид хааны ширээнээс зоог хүртэх боллоо. 12 Мефибошет Мика гэдэг нэг балчир хүүтэй байв. Зибагийнд амьдардаг бүх хүн Мефибошетын зарц болов. 13 Мефибошет Давид хааны ширээнээс зоог барих болсон тул Иерусалимд суурьшсан юм. Тэрбээр суумгай хүн байжээ.