Мика
2 «Орон дотроо мууг сэдэн,
Бузрыг төлөвлөгчид золгүй еэ!
Өглөө болоход тэд бодсоноо хэрэгжүүлдэг.
Учир нь үүнийг хийх чадал тэдэнд бий.
2 Бусдын газарт шунаж, булаан авдаг.
Хүний байшинг хүсэж, өөрийн болгодог.
Орон гэр, өв хөрөнгийг нь
Луйвардаж авдаг.
3 Тиймээс Ехова айлдсан нь:
“Би та нарт* гамшиг учруулах гэж байна. Та нар зугтаж огт чадахгүй.
Та нар зовлон туулах учир бардамнан алхдагаа болино.
4 Тэр өдөр хүмүүс та нарын тухай зүйр үг хэлнэ.
Тэд та нарыг хараад ихэд харамсана.
Тэгээд ингэж хэлнэ. «Бид өнгөрлөө!
Тэрбээр манай ард түмний өвийг авч өөр хүмүүст өгсөн. Яаж биднээс авч чадаж байна аа!
Манай талбайнууд түүнийг шүтдэггүй хүмүүст очсон».
5 Тиймээс хэмжих олсоор газрыг хэмжин хуваарилж өгөх хэн ч
Еховагийн ард түмний дунд* байхгүй болно.
6 «Зөнч шиг бүү ярь!
Ийм юм ярьж болохгүй.
Ийм гутамшигт зүйл бидэнд тохиолдохгүй!» гэж тэд хэлдэг.
7 Иаковын үр удам аа, та нар яагаад
«Ехова* тэвчээр алдсан уу?
Тэрбээр үнэхээр ийм юм хийх үү?» гэж хэлнэ вэ?
Шулуун шударгаар явагчдад би сайн юм хийхээ амлаагүй гэж үү?
8 Гэвч сүүлийн үед миний ард түмэн дайсан мэт боссон.
Дайнаас буцаж яваа хүмүүс шиг амгалан тайван өнгөрөгчдөөс
Гоёл чимэг, хувцас хунарыг* нь улайм цайм тайлж авдаг.
9 Та нар миний ард түмний эмэгтэйчүүдийг тохилог байшингаас нь хөөж гаргадаг.
Миний арвин их ивээлийг үр хүүхдээс нь үүрд салгадаг.
10 Босоод яв. Учир нь энэ бол амрах газар биш.
Энэ нь бузартсанаас болж сүйрч байна. Бүр аймшигтай сүйрч байна.
11 Хэрэв хүн хий хоосон, худал хуурмаг зүйлийн араас явж,
«Би та нарт дарс, согтууруулах ундааны талаар ярья» гэж худал хэлбэл
Тэрбээр энэ ард түмний сэтгэлд нийцэх зүйлийг л ярьдаг хүн юм.
12 Иаковын үр удам аа, би та нарыг бүгдийг нь цуглуулна.
Израйлын үлдэгсдийг би заавал нэгтгэнэ.
Би тэднийг хотонд байгаа хонь мэт,
Бэлчээрт байгаа сүрэг мэт нэгтгэнэ.
Тэр газар хүн ихтэй, дуу шуутай болно”.
13 Тэдний түрүүнд нэг хүн явж зам гаргана.
Тэд саадыг арилган, хаалгаар орж, цааш явна.
Хаан нь тэдний өмнө явна.
Тэргүүнд нь Ехова явна».