Исаиа
29 «Давидын цэрэг буудаллаж байсан Ариел*, Ариел хот золгүй еэ!
Он жил улиран өнгөрөг.
Баяруудаа тэмдэглэсээр бай.
2 Би Ариелд зовлон авчирна.
Тэнд уйлаан майлаан, уй гашуу болно.
Миний хувьд Ариел нь Бурхны тахилын ширээ шиг болно.
3 Би тал бүрд чинь хуаран байгуулна.
Хашаа босгон чамайг бүсэлнэ.
Чиний эсрэг бэхлэлт босгоно.
4 Чамайг газар чулуудна.
Газраас чи ярина.
Шороон дотроос яриа чинь бүдэг бадаг сонсогдоно.
Дуу чинь шороон дотроос,
Сүнс дуудагчийнх шиг сонсогдоно.
Үг чинь шороон дотроос бувтнаж сонсогдоно.
5 Чиний үй олон дайсан нарийн тоос шиг болно.
Үй түмэн дарангуйлагчид салхинд хийсэх хивэг мэт болно.
Энэ нь хормын төдийд, гэв гэнэт болно.
6 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова
Аянга цахилгаан, газар хөдлөлт, их дуу чимээ,
Хуй салхи, хүчит шуурга, түймэрдэгч галаар чамайг хамгаална».
7 Тэгэхэд Ариелтай дайтаж буй бүх үндэстэн,
Түүнтэй тулалдаж буй бүхэн,
Түүнийг бүслэн цамхаг босгогчид,
Түүнийг зовоогчид
Зүүд шиг, шөнийн үзэгдэл шиг алга болно.
8 Өлссөн хүн юм идэж байна гэж зүүдлэх боловч
Өлссөн хэвээрээ сэрнэ.
Цангасан хүн юм ууж байна гэж зүүдлэх боловч
Ядарч эцсэн, цангасан хэвээрээ сэрнэ.
Энэ нь Сион уултай дайтах
Бүх үндэстэнд тохиолдоно.
9 Гайхаж алмайр.
Нүдээ сохолж сохор бол.
Тэд дарс уугаагүй мөртлөө согтож,
Архи уугаагүй мөртлөө гуйвж байна.
10 Ехова та нарыг гүн нойронд автуулсан.
Тэрбээр та нарын нүд болсон зөнчдийг сохолсон.
Та нарын толгой болсон үзмэрчдийг хараагүй болгосон.
11 Чиний хувьд бүх үзэгдэл лацадсан номын үгс шиг болно. Уншиж чаддаг хүнд тэр номыг өгөөд «Чанга уншиж өгөөч» гэхэд тэрбээр: «Лацтай учир би уншиж чадахгүй» гэж хариулна. 12 Уншиж чаддаггүй хүнд түүнийг өгөөд «Уншаад өгөөч» гэвэл тэрбээр: «Би ерөөсөө уншиж чадахгүй» гэнэ.
13 Ехова ийн айлдаж байна. «Энэ ард түмэн намайг амаараа шүтэж,
Уруулаараа хүндэлдэг.
Гэвч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг.
Хүнээр заалгасан тушаалдаа үндэслээд л надаас эмээдэг.
14 Тиймээс би энэ ард түмэнд
Гайхаад баршгүй гайхамшгийг дахин үйлдэнэ.
Мэргэн ухаантнуудынх нь мэргэн ухаан мөхөж,
Хэрсүү ухаантнуудынх нь хэрсүү ухаан алга болно».
15 Еховагаас төлөвлөгөөгөө нуух гэж хамаг чадлаараа хичээдэг хүмүүс золгүй еэ!
Тэд харанхуйд юм хийдэг.
Тэгэхдээ «Хэн биднийг харах юм бэ?
Хэн биднийг мэдэх юм бэ?» гэж хэлдэг.
16 Та нар юмыг их мушгих юм аа*!
Ваарчныг шавартай адилтган үзэж болох уу?
Бүтээл нь бүтээгчийнхээ тухай
«Тэр намайг бүтээгээгүй» гэж хэлэх үү?
Хэлбэрт орсон нь хэлбэрт оруулсан нэгнийхээ тухай
«Тэр юу ч мэдэхгүй» гэж хэлдэг үү?
17 Тун удахгүй Ливан жимсний цэцэрлэг болно.
Жимсний цэцэрлэг нь өтгөн ой шиг болно.
18 Тэр өдөр сонсголгүй хүн тэр номын үгийг сонсоно.
Хараагүй хүн харанхуйгаас ангижирч нүд нь юм харна.
19 Дөлгөөн хүмүүс Еховад асар ихээр баярлана.
Хүмүүсийн дундах ядуус Израйлын Ариун Нэгэнд баярлана.
20 Дарангуйлагчид үгүй болж,
Сагсуурагчид эцсээ үзнэ.
Хүн хорлох боломж бүрийг хайгчид устгагдана.
21 Тэд бусдыг хилсээр буруутгадаг.
Хотын хаалган дээр зарга мэдүүлэгчдэд урхи тавьдаг.
Шударга ёсыг үл тоон зөв хүмүүстэй үндэслэлгүй маргадаг.
22 Тиймээс Абрахамыг аварсан Ехова Иаковын үр удамд ийн айлдаж байна.
«Иаков ичихээ болино.
Сэтгэлээр унахаа* болино.
23 Тэд өөрсдийнхөө дундаас
Миний гарын бүтээл болсон үр хүүхдээ харахдаа
Нэрийг минь ариусгана.
Иаковын Ариун Нэгнийг хүндэлнэ.
Израйлын Бурхныг биширнэ.
24 Бодол санаа нь төөрсөн хүмүүс ухаарлыг олно.
Гомдоллодог хүмүүс заавар авна».