Исаиа
28 Ефраимын архичдын духдуулсан хээнцэр* титэм* золгүй еэ!
Үржил шимт хөндийд байдаг уулан дээрх
Гандаж буй гоёмсог цэцэг золгүй еэ!
2 Еховад хүч чадал, тамир тэнхээ ихтэй нэгэн бий.
Тэрбээр энэ титмийг газарт хүчтэй шиднэ.
Энэ нь аянга цахилгаан, мөндөртэй аадар бороо, сүйтгэгч салхи шуурга мэт,
Үер дагуулсан аянга цахилгаантай бороо мэт байх юм.
3 Ефраимын архичдын духдуулсан хээнцэр* титэм
Хөлд гишгэгдэнэ.
4 Үржил шимт хөндийд байдаг уулан дээрх
Гандаж буй гоёмсог цэцэг
Зун болохоос өмнө боловсорч гүйцсэн инжир мэт байх болно.
Хүн түүнийг харахаараа тасдаж аваад шууд залгиж орхино.
5 Тэр өдөр тэнгэрийн цэргийн жанжин Ехова ард түмнийхээ үлдэгсдэд сүрлэг титэм, гоёмсог цэцгэн хэлхээ болно. 6 Мөн шүүгчдийг шударга шүүдэг болгож, дааман хаалганы дэргэд дайсны довтолгоог няцаагчдад хүч өгнө.
7 Тахилчид дарснаас болж замаа алдсан.
Зөнчид архинаас болж гуйвж дайвсан.
Тэд архи дарснаас болж замаасаа гарсан.
Дарс уун мансуурч,
Архи уун гуйвдаг.
Үзсэн үзэгдлээсээ болж буруу замаар орон
Зөв шүүн тунгаах чадваргүй болжээ.
8 Бүх ширээ нь заваан бөөлжсөөр дүүрчээ!
Цэвэр газар нэг ч алга.
9 Тэд ингэж хэлдэг. «Тэр* хэнд юм заах гээ вэ?
Хэнд мэдээгээ тайлбарлах гээ вэ?
Дөнгөж сая хөхнөөс гарсан нялхаст уу?
Дөнгөж сая эхийнхээ өврөөс салсан балчруудад уу?
10 “Тушаалын араас тушаал, тушаалын араас тушаал.
Журмын араас журам, журмын араас журам*.
Энд жаахан, тэнд жаахан” гэх юм!».
11 Тиймээс Бурхан энэ ард түмэнд ээрүү хүмүүсээр гадаад хэлээр үг хэлүүлнэ. 12 Тэрбээр тэдэнд «Энэ бол амрах газар. Ядарсан нь амраг. Энэ бол сэтгэл сэргээх газар» гэж хэлсэн ч тэд сонсоогүй. 13 Иймээс Еховагийн үг тэдэн дээр биелж
«Тушаалын араас тушаал, тушаалын араас тушаал.
Журмын араас журам, журмын араас журам*.
Энд жаахан, тэнд жаахан» гэдэг нь болно.
Ингээд тэд явж байхдаа
Бүдэрч, арагшаа савж унана.
Гэмтэж бэртэн, хавханд орж, баригдана.
14 Тиймээс Иерусалим дахь энэ ард түмний удирдагчид,
Сайрхагчид та нар Еховагийн үгийг сонс.
15 Та нар:
«Бид үхэлтэй гэрээ байгуулж,
Булштай* хэлэлцээр хийсэн.
Айхтар үер болсон ч
Бид өртөхгүй.
Учир нь бид худлыг хоргодох газраа,
Хуурмагийг нуувчаа болгосон» гэж хэлдэг.
16 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.
«Би сайтар шалгагдсан нэгэн чулууг Сионд суурь болгон тавина.
Булангийн тэр үнэт чулууг бат бөх суурь болгоно.
Итгэдэг нэг ч хүн айж мэгдэхгүй.
Худал хэмээх хоргодох газар мөндөрт сүйднэ.
Нуувч үерийн усанд урсана.
18 Үхэлтэй байгуулсан гэрээ чинь цуцлагдаж,
Булштай* хийсэн хэлэлцээр чинь хүчингүй болно.
Айхтар үер болоход
Та нар юу ч үгүй арчигдана.
19 Энэ нь дайран өнгөрөх болгондоо
Та нарыг хаман одно.
Өглөө бүр дайрна.
Өдөр ч, шөнө ч дайрна.
Сонссон зүйлийг нь гагцхүү айдас л тэдэнд ойлгуулна*».
20 Сунаж хэвтэхэд ор нь богинодоод,
Нөмөрч хэвтэхэд хөнжил нь нарийдна.
21 Ехова Перазим уулан дээр боссон шигээ босож,
Гибеоны ойролцоох хөндийд өндийсөн шигээ өндийн
Өөрийн үйлсийг, хачин жигтэй үйлсийг бүтээнэ.
Өөрийн ажлыг, ер бусын ажлыг гүйцэтгэнэ.
22 Одоо шоолж инээхээ боль.
Эс тэгвэл та нарыг хүлсэн хүлээс чангарна.
Учир нь би Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас
Бүх газар нутгийг устгахаар шийдсэнийг нь сонссон.
23 Чих тавьж, дуу хоолойг минь сонс.
Анхаарлаа хандуулж, хэлэх үгийг минь сонс.
24 Тариачин үрээ суулгалгүй газраа хагалаад л байх уу?
Хөрсөө сэндийлэн борнойдоод л байх уу?
25 Тэрбээр талбайгаа тэгшилснийхээ дараа
Хар гоньд, ногоон гоньд тарьдаггүй гэж үү?
Улаан буудай, арвай, шар будааг тус тусынх нь газарт суулгаж,
Буудайг* захаар нь тарьдаггүй гэж үү?
26 Бурхан нь түүнд зөв зам заадаг*.
Бурхан нь түүнийг сургадаг.
27 Хар гоньдыг үтрэмийн чаргаар бяцалдаггүй.
Ногоон гоньд дээр тэрэгний дугуй өнхрүүлдэггүй.
Харин хар гоньдыг модоор цохидог.
Ногоон гоньдыг саваагаар савааддаг.
28 Хүн тариа цайруулахдаа талхны төлөө нунтаг болтол нь буталдаг уу?
Үгүй ээ, тэрбээр эцэс төгсгөлгүй цайруулаад байдаггүй.
Морин тэрэгнийхээ дугуйг дээр нь өнхрүүлэхдээ
Тариагаа бяц дайрдаггүй.
29 Энэ зөвлөгөө бас тэнгэрийн цэргийн жанжин Еховагийнх.
Түүний санаа зорилго* гайхамшигтай.
Үйлс нь ямагт бүтэмжтэй.