Иеремиа
15 Дараа нь Ехова надад ингэж хэлэв. «Мосе Самуел нар өмнө минь зогсоод гуйсан ч би энэ хүмүүсийг өршөөхгүй. Тэднийг надаас холдуул. Тэд яваг. 2 “Бидэнд юу тохиолдох вэ?” гэж асуувал чи тэдэнд “Ехова ийн айлдаж байна.
«Тахлаар үхэх нь тахлаар үхнэ!
Илдэнд цавчигдах нь илдэнд цавчигдана!
Өлсгөлөнд нэрвэгдэх нь өлсгөлөнд нэрвэгдэнэ!
Олзлогдох нь олзлогдоно!»” гэж хэл.
3 “Би тэдэн дээр дөрвөн гамшиг буулгана*” гэж Ехова айлдаж байна. “Эдгээр нь хөнөөх илд, хүүрийг нь чирж явах ноход, идэж цөлмөх тэнгэрийн шувууд, газрын араатнууд юм. 4 Иудагийн хаан Хезекиагийн хүү Манассегийн, Иерусалимд үйлдсэн хэргээс болж би тэднийг дэлхийн бүх хаант улсын жихүүдсийг төрүүлэм зүйл болгоно.
5 Иерусалим аа, хэн чамайг өрөвдөх вэ?
Хэн зовлонг чинь ойлгох вэ?
Хэн амар мэндийг чинь асууж мэдэх гэж хэсэг зогсох вэ?”.
6 “Чи намайг орхисон” гэж Ехова айлдаж байна.
“Чи над руу нуруугаа харуулсан*.
Тиймээс би чиний өөдөөс мутраа сунган чамайг устгана.
Чамайг өрөвдсөөр залхлаа.
7 Би ард түмнээ энэ нутгийн дааман хаалгануудын дэргэд сэрээгээр тариа шигших мэт шигшинэ.
Үр хүүхдээс нь хагацаана.
Тэднийг устгана.
Учир нь тэд буруу замаасаа буцаагүй юм.
8 Бэлэвсэн эмэгтэйчүүдийг нь би тэнгисийн элснээс ч олон болгоно.
Гэгээн цагаан өдрөөр эхчүүд, хөвгүүд рүү нь устгагчийг илгээнэ.
Гэв гэнэт би үймээн самуун, айдас хүйдсийг авчирна.
9 Долоон хүүхэд төрүүлсэн эмэгтэйн ухаан балартав.
Тэрбээр арай ядан амьсгалах ажээ.
Түүний нар үд дунд жаргаж
Түүнийг ичгүүр шившиг болгов*”.
“Амьд үлдсэн цөөн хэдэн хүнийг нь би
Дайснуудынх нь илдэнд тушаана” гэж Ехова тунхаглаж байна».
10 Ээж ээ, таны төрүүлсэн хүү би яасан золгүй хүн бэ!
Энэ дэлхий тэр аяараа надтай хэрэлдэж, тэмцэлдэх юм.
Би зээлүүлээ ч үгүй, зээлээ ч үгүй атал
Бүгд л намайг хараах юм.
11 Ехова айлдсан нь: «Би чамд тусалж сайныг үйлдэнэ.
Гамшгийн үед, зовох цагт чинь
Би чамайг дайснаас хамгаална.
12 Хүн төмрийг, бүр хойд зүгийн төмрийг хэсэглэн буталж чадах уу?
Зэсийг эвдэж чадах уу?
13 Үйлдсэн бүх нүглийн чинь улмаас
Би чиний эд баялаг, эрдэнэсийг дайсанд үнэгүйгээр олз болгон өгнө.
14 Би тэдгээрийг дайснуудад чинь өгч
Чиний мэдэхгүй газар хүргүүлнэ.
Учир нь миний уур хилэн
Чиний өөдөөс ноцох гал мэт дүрэлзэж байна».
15 Ехова минь ээ, та миний зовлонг мэднэ.
Намайг санаж, анхаарлаа хандуулаач.
Намайг хавчигчдаас өшөө аваач.
Тэднийг тэвчиж байна гээд намайг битгий үхүүлээч.
Таны төлөө энэ доромжлолыг амсаж байгааг минь ойлгооч.
16 Таны үгийг хүлээж аваад би сэтгэлдээ шингээсэн*.
Таны үг надад баяр хөөр, сэтгэл зүрхний минь баясал болов.
Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ, би таны нэрээр овоглосон билээ.
17 Би наргиж цэнгэх дуртай хүмүүстэй баясан суудаггүй.
Би таны удирдлага доор байгаа учраас ганцаараа сууна.
Учир нь та намайг зэвүүцлээр* дүүргэсэн.
18 Би яагаад архаг өвчтэй, эдгэшгүй шархтай байна вэ?
Огт эдгэхгүй юм.
Та миний хувьд ширгэсэн* булаг,
Найдахын аргагүй усны ундарга мэт болох юм гэж үү?
19 Тиймээс Ехова ийн айлдаж байна.
«Хэрэв чи буцаж ирвэл би чамайг сэргээнэ.
Чи надад дахин зүтгэнэ*.
Хэрэв чи үнэт зүйлийг ашиггүй зүйлээс ялгавал
Үргэлж миний төлөөлөгч байх болно*.
Тэд чам дээр буцаж ирэх ёстой.
Харин чи тэдэн дээр очихгүй».
20 «Би чамайг энэ ард түмний хувьд бэхлэгдсэн зэс хэрэм болгож байна.
Тэд чамтай тэмцэх боловч
Чамайг дийлэхгүй.
Учир нь би чамтай хамт байж, чамайг авран хамгаална» гэж Ехова айлдаж байна.
21 «Би чамайг муу хүмүүсийн гараас,
Харгис хүмүүсийн савраас аварна».