Хосеа
8 «Амандаа бүрээгээ зуу!
Дайснууд Еховагийн өргөө рүү бүргэд адил довтолж байна.
Учир нь Израйл миний гэрээг зөрчин хуулийг минь уландаа гишгэсэн.
2 Тэд над руу хашхиран “Бурхан минь ээ, израйлчууд бид таныг мэднэ” гэдэг.
3 Израйл сайн юмнаас татгалзсан.
Дайснууд түүнийг мөшгөг.
4 Тэд надгүйгээр хаадыг өргөмжилсөн.
Надаас асуулгүй ноёдыг томилсон.
Тэд алт мөнгөөрөө шүтээн хийж
Өөрсдөдөө сүйрэл авчирдаг.
5 Самари аа, чиний тугал гологдсон.
Чамд уур хүрч байна.
Чи хэдий болтол гэм буруугаасаа салахгүй байх юм бэ*?
6 Энэ нь Израйлаас гарсан.
Үүнийг дархан хүн хийсэн. Энэ бол Бурхан биш.
Самарийн тугал бут үсэрнэ.
7 Тэд салхийг тарьж,
Шуургыг хурааж авна.
Ишнээс нь үр тариа боловсрохгүй.
Түрүү нь цухуйлаа ч гурил болохгүй.
Гурил боллоо ч тэрийг нь харийн хүмүүс залгина.
8 Израйл залгигдана.
Тэрбээр үндэстнүүдийн дунд,
Гологдсон сав мэт болно.
9 Тэрбээр Ассири луу зөрүүд хулан мэт явсан юм.
Ефраим амрагуудыг хөлсөлсөн.
10 Хэдийгээр тэд* үндэстнүүдийн дундаас амрагууд хөлсөлсөн боловч
Би тэднийг цуглуулна.
Тэд хаан болон ноёдын дарамтаас болж зовно.
11 Ефраим тахилын ширээгээ олшруулж нүгэл үйлдсэн.
Тэдгээр нь нүгэл үйлдүүлэх тахилын ширээ болжээ.
12 Би түүнд олон хууль бичиж өгсөн.
Гэвч тэр тэдгээрт өөриймсөг хандаагүй.
13 Тэд надад өргөл өргөж, мах иддэг ч
Ехова би үүнд нь баясдаггүй.
Би тэдний алдааг санаж, нүглийнх нь улмаас тэднийг шийтгэнэ.
Тэд Египет рүү буцаж явсан*.
14 Израйл Бүтээгчээ мартаж, сүм дуган барьсан.
Иуда бэхлэгдсэн хотоо олшруулсан.
Би хотуудыг нь галдан шатаана.
Цамхгуудыг нь гал залгина».