Хосеа
9 «Израйл аа, бүү баярла.
Бусад ард түмэн шиг бүү хөөрөн баяс.
Чи биеэ үнэлж Бурхнаасаа холдсон.
Чи үтрэм болгон дээр биеэ үнэлээд олж авсан хөлсөө хайрлав.
2 Гэвч үтрэм болон усан үзмийн шахуурга чамайг тэжээхгүй.
Чи шинэ дарстай болохгүй.
3 Израйлын ард түмэн Еховагийн газар дээр амьдрахаа болино.
Ефраим Египет рүү буцна.
Тэд Ассирид бузар юм иднэ.
4 Тэд Еховад дарс өргөхөө болино.
Тэдний өргөл түүнд таалагдахгүй.
Тэр өргөл нь гашуудлын талхтай адил,
Идсэн хүн бүрийг бузарлана.
Талх нь өөрсдийг нь л цатгана.
Үүнийг Еховагийн өргөөнд оруулахгүй.
5 Уулзалтын өдөр,
Еховагийн баярын өдөр та нар юу хийх юм бэ?
6 Та нар сүйрлээс аврагдахын тулд арга буюу зугтана.
Египет та нарыг цуглуулж, Мемфис та нарыг булшилна.
Та нарын мөнгөн эдлэл халгайд баригдана.
Та нарын майханд өргөст бут ургана.
7 Тооцоо бодох өдрүүд ирнэ.
Шанг нь хүртээх өдрүүд ирнэ.
Израйл үүнийг мэдэж аваг.
Зөнч нь мунхаг болж, өөрийгөө Бурхны элч хэмээгчид нь солиорно.
Та нарын гэм нүгэл их тул та нарт дайсагнах явдал ч их байна».
8 Ефраимын харуул миний Бурхантай хамт байсан.
Харин одоо зөнчид нь Ефраимын бүх зам дээрх шувуу баригчийн урхитай адил юм*.
Түүний Бурхны өргөө дайсагналаар дүүрсэн.
9 Тэд Гибеагийн үеийнх шиг бүрмөсөн завхарсан.
Би алдааг нь санаж, нүглийнх нь улмаас тэднийг шийтгэнэ.
10 «Зэлүүд газраас усан үзэм олох мэт, би Израйлыг олж билээ.
Би чиний өвөг дээдсийг харах үед тэд инжрийн модон дээрх анхны жимс шиг байсан.
Гэвч тэд Пеорын Баал руу явж
Ичгүүрт зүйлд* өөрсдийгөө зориулж,
Хайрлаад байсан бузар юм шигээ болсон.
11 Ефраимын суу алдар шувуу мэт нисэн одсон.
Тэнд үр тогтох, жирэмслэх, хүүхэд төрүүлэх гэж үгүй.
12 Тэд хүүхэд өсгөлөө ч
Би нэгийг нь ч үлдээлгүй үгүй хийнэ.
Намайг нүүрээ буруулахад тэд золгүй еэ!
13 Нугад тарьсан Ефраим миний хувьд Тир шиг байсан.
Харин одоо Ефраим хөвгүүдээ алуурчинд өгөхөөс өөр аргагүй».
14 Ехова минь ээ, тэдэнд зохих шанг нь хүртээгээч.
Хүүхдийг нь зулбуулж, хөхнийх нь сүүг ширгээгээч.
15 «Бузар булай бүхнээ тэд Гилгалд үйлдсэн. Тэнд би тэднийг үзэн яддаг болсон.
Бузар хэргийнх нь улмаас тэднийг өргөөнөөсөө хөөж гаргана.
Хойшид би тэднийг хайрлахгүй.
Тэдний бүх ноёд зөрүүд юм.
16 Ефраим цавчигдан унана.
Үндэс нь хатаж, жимс ургуулахаа болино.
Хүүхэд төрүүллээ ч энхрийлэн хайрлаж байсан тэр хүүхдийг нь би хөнөөнө».
17 Миний Бурхан тэднийг голж хаяна.
Учир нь тэд үгийг нь сонсоогүй юм.
Ингээд тэд үндэстнүүдийн дунд тэнүүчилнэ.