Хосеа
6 «Бүгдээрээ Ехова руу буцаж очицгооё.
Тэрбээр биднийг хэдэн хэсэг болгон тастсан боловч эдгээнэ.
Биднийг цохисон боловч шархыг маань бооно.
2 Хоёр хоногийн дараа тэрбээр биднийг сэргээж,
Гурав дахь хоног дээр өндийлгөнө.
Тэгээд бид түүний өмнө амьд явна.
3 Бид Еховаг мэддэг болно. Түүнийг таньж мэдэх гэж шамдана.
Тэрбээр үүр цайх мэт заавал ирнэ.
Тэрбээр бидэн дээр аадар бороо асгарах мэт,
Хаврын бороо газрыг услах мэт ирнэ».
4 «Ефраим аа, би чамайг яах вэ?
Иуда, би чамайг яах вэ?
Та нарын үнэнч хайр өглөөний үүл мэт,
Хурдан алга болдог шүүдэр мэт ажээ.
5 Тиймээс би зөнчдөөр үг хэлүүлж, та нарыг цавчина.
Өөрийнхөө үгээр та нарыг хөнөөнө.
Та нар дээр буух шийтгэл гэрэл мэт тодорхой.
6 Би тахил өргөхөд чинь бус, үнэнчээр хайрлахад* чинь баярладаг.
Шатаалт тахил өргөхөөс илүүгээр Бурхнаа таньж мэдэхэд чинь баярладаг.
7 Гэтэл миний ард түмэн жирийн хүмүүсийн адил гэрээгээ зөрчсөн.
Нутаг орондоо байхдаа тэд надаас урвасан.
8 Гилеад бол мууг үйлдэгчдийн хот.
Тэнд цуст мөр дүүрэн байдаг.
9 Тахилчид отолтод байгаа бүлэг дээрэмчин адил юм.
Тэд ичгүүртэй хэрэг хийдэг учир
Шехемийн зам дээр хүн алдаг.
10 Би Израйлд болж буй аймшигт явдлыг харав.
Ефраим завхайрч,
Израйл өөрийгөө бузарлаж байв.
11 Иуда минь, би ургац хураах цагийг,
Олзлогдсон ард түмнээ буцааж авчрах цагийг чиний төлөө товлосон».