Хосеа
7 «Би Израйлыг эмчлэх гэтэл
Ефраимын алдаа,
Самарийн бузар явдал илчлэгдэв.
Тэд хууран мэхэлдэг.
Хулгайчид дотогш орж, дээрэмчид гадуур дээрэм тонуул хийдэг.
2 Тэд намайг бүх бузар хэргийг нь санана гэж боддоггүй.
Тэд бузар явдалдаа урхидуулсан.
Бүх үйлс нь миний нүдэнд илхэн байдаг.
3 Бузар явдлаараа хаанаа баярлуулж,
Худал хуурмагаараа ноёдоо баясгадаг.
4 Тэд бүгд завхайрагчид юм.
Талхчин зуурсан гурилаа истэл галаа хутгалгүй орхидог ч
Зууханд гал дүрэлзэн ассаар байдаг шиг тэд шатаж явдаг.
5 Манай хааны баярын өдөр ноёд өвдөж
Дарсанд халан дүрсхийн уурлав.
Хаан элэглэн дооглогчидтой нөхөрлөсөн юм.
6 Тэд түүн рүү ойртон очдог. Харин зүрх сэтгэл нь шатаж буй зуух шиг байдаг*.
Талхчин шөнөжин унтдаг.
Зуухан дахь гал нь өглөө ч дүрэлзэн ассаар байдаг.
7 Улайдсан зуух мэт тэд бүгдээрээ
Удирдагч нараа хуйхлан хиаруулдаг.
Бүх хаан нь унасан боловч
Хэн нь ч надаас тусламж гуйгаагүй.
8 Ефраим үндэстнүүдтэй холилдсон.
Ефраим нэг талаасаа хайрагдсан бин шиг болсон.
9 Харь элгийн хүмүүс хүчийг нь сорсон ч тэр үүнийг мэддэггүй.
Үс нь цал буурал болсон ч тэр үүнийгээ анзаардаггүй.
10 Израйлын бардам зан өөрийг нь буруутгасан.
Гэвч тэр Ехова Бурхандаа хандаагүй.
Энэ бүхэн болж байсан ч түүнээс тусламж гуйгаагүй.
11 Ефраим ухаангүй тэнэг тагтаа мэт болж,
Египетээс тусламж гуйн, Ассири луу явсан.
12 Түүнийг хаашаа ч явсан би дээр нь тор хаян,
Шувуу барьдаг шиг барина.
Урьдчилан анхааруулснаараа* би түүнийг шийтгэнэ.
13 Надаас зугтсан тэр золгүй еэ!
Тэр миний эсрэг нүгэл үйлдсэн учраас сүйрнэ!
Би түүнийг аврах гэж байсан ч тэр миний тухай худал ярьсан.
14 Тэрбээр орон дотроо уйлдаг ч
Надаас чин сэтгэлээсээ тусламж гуйдаггүй.
Үр тариа, шинэ дарс гуйн өөрийгөө зүсэж гэмтээдэг ч
Надаас нүүр буруулсан.
15 Би түүнийг сурган хүмүүжүүлж, хүч тэнхээтэй болгосон ч
Тэр намайг эсэргүүцэн муу муухайг сэддэг.
16 Тэрбээр чиглэлээ өөрчилсөн ч дээшээ* хандаагүй.
Тэрбээр хөвч нь суларсан нум шиг найдваргүй.
Ноёд нь намайг шүүмжилдгээсээ болж илдээр хөнөөгдөнө.
Ингээд тэр Египетэд элэг доог болно».