Хосеа
12 «Ефраим салхиар хооллодог.
Дорнын салхины хойноос өдөржин хөөцөлддөг.
Улам их худал ярьж хүчирхийлэл үйлддэг болсон.
Ассиритай гэрээ байгуулж Египет рүү тос зөөдөг.
2 Ехова Иудатай заргалдаж байна.
Хийсэн хэргийнх нь төлөө Иаковтай тооцоо бодно.
Үйлсийнх нь дагуу хариу барина.
3 Иаков эхийн хэвлийд байхдаа ахынхаа өсгийнөөс барьж авсан.
Бурхантай хамаг чадлаараа тэмцэлдсэн.
4 Тэрбээр тэнгэрийн элчтэй тэмцэлдсээр байгаад дийлсэн юм.
Уйлан байж тааллыг нь гуйсан юм».
Бурхан түүнийг Бетелд байхад нь олсон. Тэнд Тэрбээр бидэнтэй ярьсан.
5 Тэр бол тэнгэрийн цэргийн Бурхан Ехова.
Хүмүүс түүнийг Ехова гэдэг нэрээр нь санах ёстой.
6 «Тиймээс Бурхандаа эргэж ир.
Үнэнчээр хайрлаж, шударгыг үйлдэж бай.
Үргэлж Бурхандаа найд.
7 Гэвч танай наймаачин хуурамч жинлүүртэй.
Тэр хууран мэхлэх дуртай.
8 Ефраим: “Би баяжсан, эд хөрөнгөтэй болсон.
Энэ бүхнийг өөрийн хөдөлмөрөөр олсон.
Хүмүүс надаас ямар ч буруу юм, гэм нүглийг олохгүй” гэсээр байна.
9 Гэвч Ехова би Египетийн нутагт байхаас чинь чиний Бурхан байсан.
Би чамайг баярын өдрүүдийнх шиг
Дахин майханд суулгана.
10 Би зөнчидтэй ярьж
Олон үзэгдэл үзүүлж
Тэднээр ёгт үлгэр яриулсан.
11 Гилеадад заль мэх*, худал хуурмаг явдал их байдаг.
Гилгалд тэд бухуудаар тахил өргөдөг.
Тэдний тахилын ширээ нь хагалсан газрын овоолсон чулуутай адил юм.
12 Иаков Арам* нутаг руу зугтсан.
Израйл эхнэр авах гэж тэнд зарцлагдсан.
Эхнэр авах гэж хонь хариулсан.
13 Ехова зөнчөөрөө дамжуулан Израйлыг Египетээс гаргасан.
Зөнчөөрөө дамжуулан түүнийг хамгаалсан.
14 Бурхныг Ефраим ихэд гомдоосон.
Учир нь тэрбээр цус урсгадаг нүглээсээ салаагүй.
Доромжлуулсныхаа хариуг Эзэн нь түүнээс авна».