Хосеа
13 «Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.
Тэрбээр Израйлд нэр алдартай байсан.
Гэвч тэрбээр Баалыг шүтэн нүгэл үйлдсэнээсээ болж үхсэн.
2 Одоо тэд улам их нүгэл үйлдэж
Мөнгөө хайлуулан шүтээн бүтээж байна.
Тэд шүтээн бүтээхдээ гарамгай. Уран дархчуул тэдгээрийг бүтээсэн.
Тэд: “Тахил өргөдөг хүмүүс тугалуудыг үнсэг” гэж хэлдэг.
3 Тэд өглөөний үүл шиг,
Эрт алга болдог шүүдэр шиг,
Шуурганд хийсэх үтрэмийн хивэг шиг,
Яндангаар* гардаг утаа шиг болно.
4 Гэвч Ехова би Египетийн нутагт байхаас чинь чиний Бурхан байсан.
Чи надаас өөр Бурхныг мэддэггүй байсан.
Надаас өөр аврагч байхгүй.
5 Би чамайг зэлүүд газар, ган гачигтай нутагт халамжилсан.
6 Тэднийг бэлчээрт аваачихад цадталаа идсэн.
Тэд цадаад бардам болж
Намайг мартсан.
7 Би тэдний хувьд залуу арслан мэт,
Замд нь отох ирвэс мэт болно.
8 Би тэдэн рүү бамбаруушаа алдсан эвш мэт дайрч
Цээжийг нь ярна.
Би тэднийг арслан мэт залгина.
Хээрийн зэрлэг араатан тэднийг хэдэн хэсэг тасчина.
9 Израйл аа, чи ийнхүү устгагдана.
Учир нь чи туслагч чинь болсон надад тэрсэлсэн юм.
10 Бүх хотын чинь оршин суугчдыг аврах хаан чинь хаана байна вэ?
Захирагчид чинь хаана байна вэ?
Чи тэдний талаар “Надад хаан, ноёдыг өгөөч” гэж гуйж байсан шүү дээ.
11 Би уурлан байж чамд хааныг өгсөн.
Би уур хилэнтэйгээр түүнийг чинь буцааж авна.
12 Ефраимын гэмийг хав дарсан.
Түүний нүглийг хураан хадгалсан.
13 Тэрбээр хүүхэд төрүүлэхээр дуншиж өвдөнө.
Гэвч хүүхэд нь мунхаг учир
Төрөх цагтаа төрөхгүй.
14 Би тэднийг Булшнаас* чөлөөлнө.
Би тэднийг үхлээс аварна.
Үхэл ээ, хорон хүч* чинь хаана байна вэ?
Булш аа, хөнөөх чадал чинь хаана байна вэ?
Би огтхон ч өрөвдөхгүй.
15 Ефраим зэгсэн дунд цэцэглэлээ ч
Дорнын салхи, Еховагийн салхи цөлөөс салхилж
Түүний худгийг хатаан, булгийг нь ширгээнэ.
Эрдэнэсийн сан дахь үнэтэй бүхнийг нь тононо.
16 Самари нь Бурхандаа тэрсэлсэн тул гэмтэйд тооцогдоно.
Оршин суугчдыг нь илдээр алж,
Балчир хүүхдүүдийг нь хэрцгийлэн хөнөөж,
Жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь хэвлийг хүү татна».