Хоёрдугаар хаад
18 Израйлын хаан Елагийн хүү Хошеагийн гуравдугаар онд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа хаан болсон юм. 2 Тэрбээр 25 насандаа хаан болж Иерусалимд 29 жил төр барив. Түүний эх нь Зехариагийн охин Аби* юм. 3 Хезекиа Еховагийн зөв гэж үздэг зүйлсийг өвөг эцэг Давид шигээ үйлдсээр байв. 4 Хезекиа мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, ариун багануудыг хэмхчиж, ариун шонг* цавчин унагасан билээ. Мөн Мосегийн хийсэн зэс могойг хэсэглэн буталсан юм. Учир нь тэр болтол Израйлын ард олон уг могойд зориулан тахилын утаа суунаглуулдаг байжээ. Тэр нь зэс могойн шүтээн гэгддэг* байв. 5 Хезекиа Израйлын Бурхан Еховад найддаг байжээ. Иудагийн хаадын түүхэнд түүн шиг хаан өмнө нь ч, дараа нь ч байгаагүй билээ. 6 Тэрбээр Еховагаас бат зуурч байв. Түүнийг дагахаа огт болиогүй юм. Тэрбээр Еховагийн Мосегоор өгүүлсэн тушаалуудыг үргэлж сахидаг байв. 7 Ехова өөртэй нь хамт байсан тул Хезекиа үргэлж ухаалаг шийдвэр гаргадаг байлаа. Тэрбээр Ассирийн хааныг эсэргүүцэж, түүнд үйлчлээгүй юм. 8 Мөн филистчүүд рүү довтолж, Газ болон ойр орчмынх нь нутаг дэвсгэрт хүрсэн бөгөөд харуулын цамхгаас нь авхуулаад бэхлэгдсэн хотуудыг нь хүртэл* эзэлжээ.
9 Хезекиа хааны дөрөвдүгээр онд буюу Израйлын хаан Елагийн хүү Хошеагийн долоодугаар онд Ассирийн хаан Шалманесер Самари луу довтлохоор очиж, бүслэв. 10 Тэд Самарийг бүслээд гурав дахь жилийнхээ сүүлээр эзэлж авчээ. Тэр нь Хезекиа хааны зургаадугаар он, Израйлын хаан Хошеагийн есдүгээр он байсан юм. 11 Дараа нь Ассирийн хаан Израйлын ард олныг Ассири луу цөлж, тэднийг Хала хэмээх газар, Гозан голын дэргэдэх Хабор, Медегийн хотуудад суурьшуулжээ. 12 Энэ нь Израйлын ард олон Ехова Бурхныхаа дуу хоолойг сонсолгүй гэрээг нь удаа дараа зөрчиж, Еховагийн үйлчлэгч Мосегийн тушаасан болгоныг биелүүлээгүйгээс болсон юм. Тэд ойшоогоо ч үгүй, дагаж мөрдөө ч үгүй.
13 Хезекиа хааны 14 дүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бэхлэгдсэн хотууд руу довтолж бүгдийг нь эзлэн авав. 14 Иймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байгаа Ассирийн хаанд хэл хүргүүлж «Миний буруу. Цэргүүдээ татна уу. Таныг юу ч шаардсан өгье» гэж хэлүүлжээ. Тэгэхэд нь Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас 300 талант* мөнгө, 30 талант алт шаарджээ. 15 Иймээс Хезекиа Еховагийн өргөө болон хааны ордны эрдэнэсийн сангуудаас олдсон бүх мөнгийг өгөв. 16 Тэр үед Иудагийн хаан Хезекиа Еховагийн өргөөний хаалгануудаас болон өөрөө алтаар бүрсэн хатавчнуудаас алтыг нь хуулж аваад Ассирийн хаанд өгчээ.
17 Дараа нь Ассирийн хаан Иерусалимд байгаа Хезекиа хаан руу цэргийн жанжин*, ахлах түшмэл*, ахлах сөнчийг* их цэргийн хамт Лахишаас илгээв. Тэд Иерусалим руу яваад угаагчийн талбай руу явдаг төв замын хажууд байдаг дээд цөөрмийн усны шугамын дэргэд байрлалаа. 18 Тэд хааныг дуудахад Хилкиагийн хүү, ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү, хэрэг хөтлөгч Иоа нар тэдэн рүү гарч очив.
19 Тэгэхэд нь ахлах сөнч тэдэнд «Хезекиад ингэж уламжил. “Ассирийн агуу хаан айлдахдаа: «Чи яагаад ийм их итгэлтэй байна вэ? 20 “Надад дайны төлөвлөгөө, цэргийн хүч байна” гэдэг чинь хоосон үг. Чи хэнд найдан надад тэрсэлж зүрхэлнэ вэ? 21 Чи энэ хугархай зэгсэн таяг шиг Египетийг тусална гэж найдаж байна. Хүн ийм таягийг тулбал алгаа цоо хатгуулна. Египетийн хаан фараонд найддаг бүхэнд үүн шиг явдал тохиолддог. 22 Чи надад “Бид Ехова Бурхандаа найддаг” гэж хэлэх байх. Гэхдээ Хезекиа чи Иуда, Иерусалимын хүмүүст “Иерусалимд байгаа энэ тахилын ширээний өмнө л мөргө” гэж хэлээд тэр Бурхныхаа мөргөлийн өндөрлөгүүд, тахилын ширээнүүдийг нураачхаа биз дээ?» хэмээсэн” гэж хэл. 23 Тиймээс одоо Ассирийн хаан эзэнтэй минь ингэж мөрийц. Чаддаг юм бол морь унадаг 2 000 хүн олчих. Тэгвэл би чамд төчнөөн тооны морь өгье. 24 Чи Египетийн тэрэг, морьтнуудад найдахаас өөр аргагүй юм байж, манай эзний албатуудын дотроос хамгийн бага захирагчийг нь дийлнэ гэж үү? 25 Би Еховагийн зөвшөөрөлгүй дайран ирж энэ газрыг устгана гэж санаа юу? Ехова өөрөө надад “Явж, энэ нутаг руу дайрч, устга” гэж хэлсэн» гэлээ.
26 Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким болон Шебна, Иоа нар ахлах сөнчид «Та зарц нартайгаа арамей* хэлээр ярина уу. Бид ойлгоно. Иудейчүүдийн хэлээр битгий яриач. Хэрмэн дээр байгаа хүмүүс сонсож байна шүү дээ» гэв. 27 Тэгтэл ахлах сөнч: «Манай эзэн энэ үгийг хэлүүлэхээр намайг зөвхөн танай эзэн, та хэд рүү явуулсан гэж санаа юу? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа энэ хүмүүс рүү бас явуулаагүй гэж үү?» гэжээ.
28 Тэгээд ахлах сөнч босож зогсоод иудейчүүдийн хэлээр чанга дуугаар: «Ассирийн агуу хааны үгийг сонс. 29 Хаан ингэж айлдав. “Хезекиад битгий хуурт. Тэр та нарыг миний гараас аварч чадахгүй. 30 «Ехова биднийг заавал аварна. Энэ хот Ассирийн хааны гарт орохгүй» гэж хэлэн та нарыг Еховад итгүүлэхийг оролдож байна. Ятгалгад нь битгий авт. 31 Хезекиаг битгий сонс. Харин Ассирийн хаан намайг сонс. «Надтай найрамдан, бууж өг. Тэгвэл хүн бүр чинь усан үзэм, инжрийн модныхоо жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууна. 32 Дараа нь би очоод та нарыг өөрсдийн чинь нутаг шиг нутагт аваачна. Тэр нь үр тариа, шинэ дарс, талх, зөгийн бал, усан үзмийн тариалан, чидуны моддын нутаг юм. Та нар миний хэлснээр хийвэл эсэн мэнд үлдэж, үхэхгүй. Хезекиа: “Ехова биднийг аварна” гэж та нарыг хуурч байгаа учраас түүний үгийг битгий сонс. 33 Үндэстнүүдийн бурхдын дунд Ассирийн хаан миний гараас газар нутгаа аварсан бурхан байна уу? 34 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна вэ? Тэд миний гараас Самарийг аварсан уу? 35 Эдгээр нутгийн бурхдын хэн нь миний гараас газар нутгаа аварсан бэ? Тийм байхад Ехова Иерусалимыг миний гараас аварна гэж үү?»” гэж уламжиллаа» хэмээн хэлэв.
36 Гэвч ард олон дуугүй байн юу ч хариулсангүй. Учир нь хаан: «Түүнд юу ч битгий хариулаарай» гэсэн ажээ. 37 Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар хувцсаа уран Хезекиа дээр очоод ахлах сөнчийн үгийг айлтгав.