Хосеа
11 «Би Израйлыг бага байхаас нь хайрласан.
Би хүүгээ дуудаж Египетээс гаргасан.
2 Тэд* дуудах тусам
Израйл улам холдсон.
Тэрбээр Баалын хөргүүдэд тахил өргөж,
Сийлмэл хөргүүдэд өргөл өргөсөөр байсан.
3 Алхахыг Ефраимд зааж, түүнийг тэврэн явсан нь би байсан.
Би өөрийг нь эдгээснийг тэр хүлээн зөвшөөрөөгүй.
4 Би тэднийг уяагаар* татах мэт сайхан сэтгэл, хайраар өөртөө татаж
Хүзүүнээс* нь буулгыг нь авч хаян
Хүн бүрийг хооллож сайхан сэтгэл гаргасан.
5 Тэд Египетийн нутаг руу буцахгүй. Харин Ассири хаан нь болно.
Учир нь тэд над руу эргэж ирэхийг хүсээгүй юм.
6 Тэд заль мэхийг сэдсэн тул дайснууд хотуудынх нь өөдөөс илдээ эргүүлэн
Дааман хаалганых нь түгжээг эвдэж, оршин суугчдыг нь устгана.
7 Миний ард түмэн надад үнэнч бус байхаар эргэлт буцалтгүй шийджээ.
Тэднийг дээш нь* аваачихаар дуудсан боловч нэг нь ч өндийж боссонгүй.
8 Ефраим аа, би чамайг яаж хаях юм бэ?
Израйл аа, би чамайг дайсанд хэрхэн барьж өгөх билээ?
Адмад хандсан шигээ чамд хандана гэж үү?
Чамайг Зебойим шиг болгоно гэж үү?
Би бодол сэтгэлээ өөрчилсөн.
Чамайг өрөвдөх сэтгэл миний дотор ассан.
9 Би уурандаа шатахгүй.
Ефраимыг дахин устгахгүй.
Учир нь би хүн биш, Бурхан.
Та нарын дунд байгаа Ариун Нэгэн.
Би чамд хилэнгээ гаргахгүй.
10 Тэд Еховагийн араас явна. Тэрбээр арслан мэт архирна.
Түүнийг архирахад хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирнэ.
11 Тэд Египетээс гарахдаа шувуу мэт бэмбэгнэнэ.
Ассириас гарахдаа тагтаа мэт бөмбөгнөнө.
Би тэднийг гэр гэрт нь суулгана» гэж Ехова тунхаглаж байна.
12 «Ефраим надад байнга худал хэлдэг.
Израйл цаг үргэлж хууран мэхэлдэг.
Харин Иуда нь Бурхантай хамт явж,
Хамгийн Ариун Нэгэнд үнэнч байдаг».