Исаиа
45 Ехова би өөрийн сонгосон* Корешт ийн айлдав.
(Би түүгээр үндэстнүүдийг захируулж,
Хаадын зэвсгийг хураалгахын тулд
Баруун гараас нь барьсан юм.
Түүний өмнө дааман хаалгануудыг нээснээр
Тэдгээр нь хаагдахгүй юм. )
2 «Би чиний урд явж
Толгодыг тэгшилнэ.
Зэс хаалгануудыг буталж,
Төмөр цоожнуудыг эвдэнэ.
3 Харанхуйд нуусан эрдэнэс,
Далд газар нууцалсан баялгийг би чамд өгнө.
Тэгснээр чи намайг Ехова гэдгийг,
Нэрээр чинь дууддаг Израйлын Бурхан гэдгийг мэднэ.
4 Өөрийн зарц Иаков, өөрийн сонгосон Израйлын төлөө
Би чамайг нэрээр чинь дуудаж байна.
Чи намайг мэдэхгүй ч би суу алдрыг чинь дуурьсгаж байна.
5 Би бол Ехова, өөр байхгүй.
Надаас өөр Бурхан байхгүй.
Чи намайг мэдэхгүй ч би чамайг хүчирхэг болгоно.
Би бол Ехова, өөр байхгүй.
7 Би гэрлийг бий болгож, харанхуйг бүтээдэг.
Энх тайвныг тогтоож, гай зовлон учруулдаг.
Би бол энэ бүхнийг хийдэг Ехова юм.
8 Тэнгэр ээ, зөв шударгыг бороо мэт оруул.
Үүлтэй тэнгэрээс зөв шударга байдал хур мэт бууг.
Газар нээгдэж авралыг жимс мэт ургуулаг.
Үүнтэй зэрэгцэн зөв шударга байдал соёолог.
Ехова би үүнийг бүтээсэн юм».
9 Газар хэвтэх ваарын хэлтэрхийн дундах
Өчүүхэн нэг ваарын хэлтэрхий атлаа
Бүтээгчтэйгээ маргагч нь золгүй еэ!
Шавар нь ваарчнаасаа «Та юу хийгээд байна вэ?» гэж асуух уу?
Эсвэл гарын бүтээл чинь: «Та юу ч хийж чадахгүй*» гэж хэлэх үү?
11 Израйлын Ариун Нэгэн, түүнийг бүтээсэн Ехова ийн айлдаж байна.
«Ирээдүйд юу болохыг хэлсэнд минь чи эргэлзэх нь үү?
Хөвгүүдээ яахыг минь, мутрын бүтээлээ хэрхэхийг минь чи заах нь уу?
12 Би дэлхийг бүтээж, түүн дээрх хүнийг бий болгосон.
Би тэнгэрийг мутраараа сунгасан бөгөөд
Түүний дайчдад тушаал буулгадаг юм».
13 «Би зөв шударга учир нэгэн хүнийг бэлтгэсэн.
Би түүний замыг тэгшилнэ.
Тэрбээр миний хотыг барьж байгуулах бөгөөд
Олзлогдсон ард түмнийг минь үнэ хөлс, хээл хахууль авахгүйгээр чөлөөлнө» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
14 Ехова ийн айлдаж байна.
Тэд гинжтэйгээ чиний араас явна.
Тэд чам дээр ирж, чамд сөгдөнө.
Тэгээд “Бурхан үнэхээр тантай хамт байдаг юм байна.
Өөр байхгүй юм байна. Өөр Бурхан байхгүй юм байна” гэж сүсэглэн хэлнэ».
15 Израйлын Бурхан, Аврагч аа,
Та үнэхээр өөрийгөө нуудаг Бурхан юм.
16 Тэд бүгд ичгэвтэр байдалд орж, доромжлогдоно.
Шүтээн бүтээгчид бүгдээрээ гутамшигтайгаар явна.
17 Харин Израйлыг Ехова нэгмөсөн аварна.
Чи хэзээ ч ичгэвтэр байдалд орохгүй, мөнхөд гутамшиг болохгүй.
18 Тэнгэрийг бүтээсэн жинхэнэ Бурхан,
Дэлхийг бий болгож, түүнийг бат тогтоосон Нэгэн,
Газрыг дэмий* бүтээлгүй, харин хүмүүсийг оршин суулгахаар бүтээсэн Ехова ийн айлдаж байна.
«Би бол Ехова, өөр байхгүй.
19 Би нууц газар, харанхуйн орноос яриагүй.
Би Иаковын үр удамд
“Та нар миний удирдлага зааврыг хайсан ч олохгүй” гэж хэлээгүй.
Би бол зөв шударгыг ярьдаг, шулуун шударгыг тунхагладаг Ехова юм.
20 Үндэстнүүдийн эрхшээлээс чөлөөлөгдсөн та нар
Хамт цуглаад ирж, бие биедээ ойртоцгоо.
Сийлмэл шүтээн авч явдаг,
Аварч чадахгүй бурханд залбирдаг хүмүүс юу ч мэдэхгүй.
21 Заргаа мэдүүл, хэргээ танилцуул.
Хоорондоо зөвлөлд.
Хэн үүнийг эртнээс зөгнөж,
Дээр үеэс тунхагласан бэ?
Ехова би биш гэж үү?
Надаас өөр Бурхан байхгүй.
Би бол зөв шударга Бурхан, Аврагч. Надаас өөр байхгүй.
22 Дэлхийн бүх хязгаар аа, над руу эргэж ирээд аврагд.
Учир нь би бол Бурхан, өөр байхгүй.
23 Би өөрөөрөө тангарагласан.
Амнаас минь гарсан үг үнэн.
Би үгээ буцаахгүй.
Хүн бүхэн өвдөг сөгдөж
Надад үнэнч байхаа тангараглана.
24 Тэгээд ингэж хэлнэ. “Ехова л үнэхээр зөв шударга, хүч чадалтай.
Түүнд уурлаж байсан бүхэн шившигтэйгээр өмнө нь очно.
25 Еховад үйлчлэх нь зөв гэдгийг Израйлын бүх үр удам ойлгож,
Түүний хийсэн бүхнийг бахархан ярина”».