Нэгдүгээр Самуел
14 Нэг өдөр Саулын хүү Ионатан зэвсэг баригчдаа «Хоёулаа нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги руу очъё» гэж хэлэв. Гэвч Ионатан энэ тухайгаа эцэгтээ хэлсэнгүй. 2 Саул Гибеагийн захад, Мигрон дахь анар модны доор буудаллаж байв. Саултай хамт 600 хүн байлаа. 3 (Тэр үед Елигийн жич, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хүү Ахиа ефод өмсөн Шилод Еховагийн тахилчаар үйлчилж байв.) Ионатаныг явсныг хүмүүс мэдсэнгүй. 4 Харуулд гарч байгаа филист цэргүүд дээр очихоор явсан Ионатаны замд хоёр хадан хавцал байлаа. Нэгийг нь Бозез, нөгөөг нь Сен гэдэг байжээ. 5 Нэг нь хойд талд, Михмашийн харалдаа багана мэт сүндэрлэж, нөгөө нь урд талд, Гебагийн харалдаа байлаа.
6 Ионатан зэвсэг баригчдаа «Хоёулаа явж, тэр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн харуулын анги руу очъё. Ехова бидний төлөө ямар нэг юм хийж магадгүй. Бид олуулаа байсан ч, цөөхүүлээ байсан ч ялалт байгуулахад маань Ехова тусална. Түүнд юу ч саад болж чадахгүй» гэв. 7 Тэгэхэд нь зэвсэг баригч нь түүнд «Та тааллаараа бол. Хаашаа явмаар байна тэр зүг рүүгээ явагтун. Таныг хаашаа ч явсан би дагана» гэлээ. 8 Ионатан: «Тэдэн дээр очоод өөрсдийгөө илчилье. 9 Хэрэв тэд: “Биднийг очтол наанаа байж бай!” гэвэл бид тэдэн дээр өгсөж очилгүй, байрандаа хүлээе. 10 Хэрэв тэд “Наашаа гараад ир!” гэвэл бид очно. Яагаад гэвэл Ехова тэднийг бидний гарт тушаана. Энэ нь Бурхны өгөх дохио болно» гэжээ.
11 Тэгээд тэр хоёр филистчүүдийн харуулын ангийнханд өөрсдийнхөө байгааг мэдэгдэв. Филистчүүд: «Хар даа! Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна» гэцгээв. 12 Цэргүүд Ионатан болон зэвсэг баригчид нь хандан «Наашаа хүрээд ир! Бид та нарыг болгоод өгье!» гэхэд Ионатан шууд зэвсэг баригчдаа «Намайг дагаад яв. Ехова израйлчуудад филистчүүдийг ялахад тусална» гэлээ. 13 Ионатан хадан хавцал өөд авирч, зэвсэг баригч нь араас нь дагав. Ионатан тэдэн рүү дайрахад ард нь зэвсэг баригч нь ч хүмүүсийг хөнөөж байлаа. 14 Ионатан зэвсэг баригчтайгаа тэдэн рүү дайрч эхэлмэгцээ богино зайд* 20 орчим хүнийг хядлаа.
15 Иймд Филистийн цэргийн хуаран, харуулын анги, тэр байтугай израйлчууд руу довтлохоор гарсан цэргүүд нь хүртэл айдаст автжээ. Газар хөдөлж эхлэхэд Бурхан филистчүүдийг самууруулав. 16 Филистийн хуаран бүхэлдээ үймж байгааг Бениамины Гибеа дахь Саулын харуулууд харжээ.
17 Саул хамт байгаа цэргүүддээ «Хүмүүсээ тоолоод хэн байхгүй байгааг олж мэд» гэхэд тэд тоолж, Ионатаныг зэвсэг баригчтайгаа байхгүй байгааг олж мэдэв. 18 Саул тахилч Ахиад «Жинхэнэ Бурхны авдрыг энд аваад ир!» гэжээ. (Учир нь тэр үед жинхэнэ Бурхны авдар израйлчуудад байв.) 19 Саулыг тахилчтай ярьж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн самуун улам бүр ширүүсэж байлаа. Тэгэхэд Саул тахилч Ахиад «Хийж байгаа юмаа орхи» гэж хэллээ. 20 Ингээд Саул хамт байсан бүх цэргээ аваад филистчүүдтэй тулалдахаар явав. Филистчүүд өөр хоорондоо илдээр тулалдаж, асар их үймээн самуун болж байлаа. 21 Өмнө нь филистчүүдтэй нэгдэж, хуаранд нь очсон байсан еврейчүүд ч бас Саул, Ионатанаар удирдуулсан израйлчуудын талд оров. 22 Түүнээс гадна Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан Израйлын бүх хүн филистчүүдийн зугтсаныг сонсоод бусад израйлчуудтайгаа нэгдэж, тулалдаанд орон филистчүүдийн араас мөшгөв. 23 Мөшгөн тулалдсаар Бет-авеныг өнгөрчээ. Ийнхүү Ехова тэр өдөр израйлчуудыг аварсан юм.
24 Гэвч тэр өдөр израйлчууд эцэж туйлджээ. Учир нь Саул: «Үдшийн бүрий болтол, намайг дайснаас өшөө автал юм идсэн хүн хараагдана!» гэж цэргүүдээр тангараглуулсан байв. Тиймээс хэн ч хэлэн дээрээ юм тавиагүй аж.
25 Цэргүүдийг ой руу ороход газарт зөгийн бал байв. 26 Тэднийг ой руу ороход зөгийн бал дусалж байсан боловч хэн ч зөгийн балаас идсэнгүй. Учир нь тэд тангаргаа зөрчихөөс айж байлаа. 27 Ионатан аавыгаа цэргүүдээр тангараглуулсныг сонсоогүй байв. Тиймээс барьж байсан таягныхаа үзүүрийг зөгийн сархинаг руу дүрээд балаас идтэл нүд нь сэргэжээ. 28 Тэгтэл нэг хүн: «Танай аав: “Өнөөдөр юм идсэн хүн хараагдана!” гэж хэлэн цэргүүдээр хатуу тангараглуулсан. Тийм болохоор хүмүүс туйлдаж гүйцлээ» гэжээ. 29 Харин Ионатан: «Эцэг маань хүмүүсийг их зовоожээ. Зөгийн балаас жаахан амсахад л миний нүд яаж сэргэж байгааг хар л даа. 30 Өнөөдөр цэргүүд дайснаас олзолсон юмнаасаа дураараа идсэн ч болоосой! Тэгсэн бол бүр ч олон филист хүнийг хөнөөх байсан юм» гэлээ.
31 Тэр өдөртөө израйлчууд филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл хяджээ. Цэргүүд эцэж туйлдав. 32 Тиймээс тэд олз руу шунахайран дайрч хонь, үхэр, тугалыг тэндээ нядлаад цустай нь иджээ. 33 «Хүмүүс цустай мах идэж Еховагийн эсрэг нүгэл үйлдэж байна» гэж Саулд мэдэгдэхэд тэрбээр: «Тэд итгэл эвдлээ. Даруй том чулуу өнхрүүлээд ир» гэв. 34 Тэгээд Саул: «Та нар хүмүүсийн дундуур тарж яваад ингэж хэл. “Хонь үхрээ энд авчраад нядал. Тэгээд идэж болно. Цустай мах идэж, Еховагийн эсрэг нүгэл үйлдэж болохгүй” гээрэй» хэмээв. Иймд хүн бүр тэр шөнө бухаа тэнд аваачаад нядлав. 35 Саул Еховад зориулж тахилын ширээ босгожээ. Энэ нь Еховад зориулан босгосон анхных нь тахилын ширээ байлаа.
36 Дараа нь Саул: «Өнөө шөнө бүгдээрээ филистчүүдийг нэхэн хөөж тулалдъя. Тэднийг үүр цайтал тоноё. Нэг ч хүнийг амьд үлдээх ёсгүй» гэхэд цэргүүд: «Таны тааллаар болог» гэцгээв. Тэгтэл тахилч: «Эндээ жинхэнэ Бурхнаас асууцгаая» гэжээ. 37 Саул Бурхнаас «Би филистчүүдийн араас мөшгөх үү? Та тэднийг Израйлын эрхшээлд оруулах уу?» хэмээн асуув. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариу өгсөнгүй. 38 Тиймээс Саул: «Захирагчид аа, над дээр ир! Өнөөдөр хэн ямар нүгэл үйлдсэнийг олж тогтооё. 39 Израйлыг аварсан амьд Бурхан Еховагаар тангараглая. Нүгэл үйлдсэн хүн нь миний хүү Ионатан байсан ч үхэх ёстой» гэлээ. Гэвч ард олон юу ч дуугарсангүй. 40 Тэгээд Саул израйлчуудад «Та нар нэг талд, би хүү Ионатантайгаа нөгөө талд зогсоно» гэхэд тэд: «Таны тааллаар болог» гэлээ.
41 Ингээд Саул Еховад «Израйлын Бурхан минь ээ, Туммимаар хариугаа өгөөч!» гэхэд Ионатан Саул хоёр сонгогдож, бусад хүний гэмгүй нь батлагдав. 42 Саул: «Шавга хаяж, Ионатан бид хоёрын хэн нь нүгэлтэйг тогтооё» гэсэнд Ионатан сонгогджээ. 43 Тэгээд Саул Ионатанд «Юу хийснээ надад хэл» гэсэнд Ионатан: «Би барьж байсан таягныхаа үзүүрээр жаахан зөгийн бал аваад амсчихсан. Би үхэхэд бэлэн байна!» гэлээ.
44 Саул: «Ионатан! Чи үхэхгүй бол Бурхан намайг хатуу шийтгэг» гэв. 45 Тэгтэл ард олон Саулд «Израйлд агуу ялалтыг авчирсан Ионатан үхэх ёстой гэж үү? Энэ чинь байж боломгүй хэрэг! Амьд Бурхан Еховагаар тангараглая! Толгой дахь ширхэг үс нь ч газар унах ёсгүй. Яагаад гэвэл Ионатан Бурхны хүчээр өнөөдөр ялалт байгуулсан билээ» гэж хэлэв. Ийнхүү тэд Ионатаныг үхлээс аварчээ.
46 Саул филистчүүдийг мөшгөхөө болиход филистчүүд нутаг руугаа буцжээ.
47 Саул Израйлд хаант төрөө бататгав. Тэрбээр эргэн тойрныхоо бүх дайсантай буюу моабчууд, аммончууд, едомчууд, Зобагийн хаад, филистчүүдтэй тулалдаж, явсан газар бүрдээ ялалт байгуулсан юм. 48 Мөн Саул зоригтой тулалдан амалекчуудыг хиар цохижээ. Ийнхүү Израйлыг дайснуудынх нь савраас аварсан билээ.
49 Саулын хөвгүүд нь Ионатан, Ишви, Малхи-шуа нар юм. Тэрбээр бас хоёр охинтой байсан бөгөөд томыг нь Мераб, багыг нь Михал гэдэг. 50 Саулын эхнэр нь Ахимаазын охин Ахиноам юм. Цэргийн жанжин нь Нерийн хүү Абнер бөгөөд Саулын авга ах ажээ. 51 Саулын эцэг нь Киш билээ. Абнерын эцэг Нер нь Абиелын хүү юм.
52 Саул төр барих хугацаандаа филистчүүдтэй ширүүн тулалдаж явжээ. Хүч чадалтай, эр зоригтой хүн харахаараа Саул цэргийн албандаа татдаг байлаа.