Хоёрдугаар хаад
6 Зөнчдийн хөвгүүд Елишад «Тантай хамт амьдарч байгаа энэ газар бидэнд хэтэрхий давчуу байна. 2 Биднийг Иордан руу явахыг зөвшөөрөөч. Тэгвэл бид тэндээс мод бэлтгэж амьдрах газартаа авчраад байр барья» гэхэд Елиша: «Тэг, тэг» гэлээ. 3 Тэдний нэг нь: «Та зарц бидэнтэйгээ хамт яваач» гэхэд Елиша: «Би хамт явъя» гэв. 4 Ингээд Елиша тэдэнтэй хамт явлаа. Тэд Иорданд очоод мод тайрч эхлэв. 5 Нэг нь мод унагаж байтал сүхнийх нь толгой ус руу уначхав. Тэрбээр: «Ээ халаг, эзэнтэн минь! Хүнийх байсан юм сан!» гэж хашхирчээ. 6 Жинхэнэ Бурхны хүн: «Хаана унасан бэ?» гэхэд унасан газрыг үзүүлэв. Елиша мод тайрч тийшээ шидэхэд сүхний толгой хөвөн гарч иржээ. 7 Тэгээд «Одоо ав» гэхэд нөгөө хүн ч гараа сунган авлаа.
8 Нэгэн өдөр Сирийн хаан Израйлтай дайтахаар хөдлөв. Тэрбээр албатуудтайгаа зөвлөлдсөний дараа тэдэнд хаана хуарагнахаа хэлжээ. 9 Харин жинхэнэ Бурхны хүн Израйлын хаанд хэл хүргүүлж «Та нартай сиричүүд тулалдахаар ирж байгаа учраас тэр газраас холуур явж болгоомжтой байгаарай» гэжээ. 10 Тиймээс Израйлын хаан өөрт нь жинхэнэ Бурхны хүний анхааруулсан газар луу хэл хүргүүлэв. Ингэж Елиша Израйлын хаанд анхааруулдаг байсан бөгөөд хаан тэр газруудаас хол байдаг байлаа.
11 Сирийн хаан үүнээс болоод ихэд уурлаж албатуудаа цуглуулан «Израйлын хааны талын хүн бидний дунд байна. Хэн гэдгийг хэл» гэхэд 12 албатуудынх нь нэг нь: «Бид биш ээ, эзэн хаантан минь! Таны унтлагын өрөөндөө ярьсныг Израйлд байдаг зөнч Елиша Израйлын хаанд хэлдэг юм» гэв. 13 Хаан: «Явж, түүнийг хаана байгааг олж мэд. Тэгвэл би хүмүүсээ явуулж түүнийг бариулна» гэлээ. Хэсэг хугацааны дараа хаанд «Тэр Дотанд байна» гэсэн мэдээ хүрэв. 14 Хаан тэр даруй морьд, дайны тэрэгнүүд болон их цэргээ илгээв. Тэд шөнөөр очоод хотыг бүсэлжээ.
15 Жинхэнэ Бурхны хүний зарц өглөө эрт босоод гадагш гартал морьтнууд, дайны тэрэгнүүдтэй их цэрэг хотыг бүсэлчихсэн байв. Зарц тэр даруй Елишад «Аяа, эзэнтэн минь, бид одоо яах вэ?» гэхэд 16 Елиша: «Битгий ай! Бидэнтэй хамт байгаа нь тэдэнтэй хамт байгаагаас илүү олон» гэлээ. 17 Тэгээд залбирч «Ехова минь ээ, зарцын минь нүдийг нээж, түүнд харуулаач» гэхэд Ехова тэр даруй зарцын нүдийг нээж, түүнд харуулав. Зарцад Елишагийн эргэн тойрон дахь уулархаг нутаг галт морьд, дайны тэргээр дүүрсэн байгаа нь харагдах нь тэр!
18 Сиричүүдийг өөр лүү нь ирэхэд Елиша Еховад «Энэ үндэстнийг сохор болгож өгөөч» гэж залбирчээ. Тиймээс тэрбээр Елишагийн гуйснаар тэднийг сохор болгов. 19 Елиша сиричүүдэд «Та нар буруу замаар яваад буруу хотод ирсэн байна. Намайг дагаад яв. Би эрээд байгаа тэр хүн дээр чинь аваачъя» гээд Самари хот руу дагуулан явлаа.
20 Самарид очоод Елиша: «Ехова минь ээ, тэдэнд харуулаач!» гэхэд Ехова тэдэнд харуулахад тэд Самари хотод байгаагаа мэджээ. 21 Израйлын хаан тэднийг хараад Елишад «Эзэнтэн* минь, би тэднийг хөнөөх үү? Тэднийг хөнөөчих үү?» гэхэд 22 Елиша: «Битгий хөнөө. Чи илд, нум сумаараа тулалдаад олзолсон хүмүүсээ хөнөөдөггүй биз дээ? Тэдэнд талх, ус өг. Тэд идэж уугаад эзэн рүүгээ буцаг» гэжээ. 23 Иймд Израйлын хаан тэдэнд зориулж их хоол хийлгүүлж, идүүлж уулгаад эзэн рүү нь буцаав. Сирийн дээрмийн бүлгүүд Израйлын нутаг руу дахин халдаагүй юм.
24 Хэсэг хугацааны дараа Сирийн хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулаад явж Самарийг бүслэв. 25 Иймээс Самарид их өлсгөлөн болжээ. Илжигний толгой 80 мөнгөн шекел*, кабын* дөрөвний нэг тагтааны баас 5 мөнгөн шекелийн үнэтэй болтол нь тэд хотыг бүслэв. 26 Израйлын хааныг хотын хэрмэн дээгүүр явахад нэг эмэгтэй хашхирч «Хаан эзэнтэн минь, туслаач!» гэлээ. 27 Тэгэхэд нь хаан: «Ехова чамд туслахгүй бол би чамд юугаараа туслах билээ? Чи намайг тариа, дарс, тос өгч чадна гэж бодоо юу?» гэснээ 28 «Чамд юу тохиолдоо вэ?» гэжээ. Эмэгтэй: «Энэ хүүхэн: “Хүүгээ аваад ир. Өнөөдөр хоёулаа чиний хүүг идээд маргааш миний хүүг идье” гэсэн юм. 29 Тэгээд бид хоёр миний хүүг чанаж идсэн. Маргааш нь би: “Одоо чи хүүгээ аваад ир. Хоёулаа идье” гэхэд тэр хүүгээ нуучихсан байсан» гэж хариулав.
30 Хаан эмэгтэйн хэлэхийг сонсоод хувцсаа хүү татжээ. Тэрбээр хэрмэн дээгүүр явж байхдаа хувцсан дотуураа таар угласан байсан бөгөөд ард олон түүнийг нь харав. 31 Тэгээд хаан: «Хэрэв өнөөдөр Шафатын хүү Елишагийн толгой мөрөн дээрээ үлддэг л юм бол Бурхан намайг хатуу шийтгэг!» гэжээ.
32 Ингээд хаан Елиша руу өөрөөсөө түрүүнд элч явуулав. Елиша гэртээ хэдэн ахлагчтай сууж байлаа. Тэгээд өнөөх элчийг ирэхээс өмнө ахлагчдад «Алуурчны хүү миний толгойг авхуулахаар хүн явуулсан байна. Сэрэмжтэй бай. Тэр элчийг ирэхэд оруулахгүйн тулд хаалгаа хаагаад дотроос нь сайн дар. Араас нь эзэн нь ирж яваа. Хөлийнх нь чимээ сонсогдохгүй байна гэж үү?» гэв. 33 Елишаг ахлагчидтай ярьж байх хооронд элч ирэв. Хаан бас ирж «Энэ гай гамшиг Еховагаас болж байгаа. Би яагаад Еховаг хүлээсээр байх ёстой гэж?» гэлээ.