Иов
17 Амийн хүч минь барагдаж, өдөр хоногууд минь дуусаж байна.
Намайг оршуулгын газар л хүлээж байна.
2 Элэглэн дооглогчид намайг хүрээлжээ.
Эдний тэрс явдлыг би харахаас өөр аргагүй болж байна.
3 Өгөх барьцааг минь авч өөртөө хадгалаач.
Өөр хэн надтай гар барьж, батлан даагч минь болох юм бэ?
4 Та тэднээс хэрсүү ухааныг нуусан.
Тийм ч учраас тэднийг өргөмжилдөггүй.
5 Тэд байгаагаа нөхөдтэйгөө хуваалцдаг.
Гэвч хүүхдүүд нь өлсгөлөнгөөс болж нүд нь бүрэлздэг.
6 Тэрбээр намайг үндэстнүүдийн элэг доог* болгосон.
Тиймээс тэд нүүр лүү минь нулимдаг.
7 Зовлонгоос болж нүд минь бүрэлзэж,
Золгүй бие минь турж эцэв*.
8 Цэх шулуун хүмүүс үүнийг харан гайхаж,
Гэм буруугүй хүмүүс тэрслүү* этгээдээс болж тавгүйтдэг.
9 Зөв хүн замаасаа гаждаггүй.
Цэвэр гартай хүн улам хүчтэй болдог.
10 Гэхдээ та нар бүгдээрээ ирж, яриагаа цааш үргэлжлүүл л дээ.
Учир нь би та нарын дундаас ухаант хүнийг олсонгүй.
11 Өдөр хоногууд минь дууслаа.
Зорилго төлөвлөгөө, зүрхний минь хүсэл сарнилаа.
12 Найзууд маань: “Одоо харанхуй учир удахгүй гэгээ орно” гэж хэлэн
Шөнийг өдөр болгодог.
13 Жаахан л хүлээхэд Булш* гэр минь болно.
Харанхуйд би ороо засна.
14 Нүхийг би: “Аав минь!” гэж хэлэн
Өтийг би: “Ээж, эгч дүү минь!” гэж дуудна.
15 Тэгэхээр миний найдвар хаана байна вэ?
Найдварыг минь хэн харах юм бэ?