Исаиа
52 Сэрээч, сэрээч Сион оо! Хүч чадлыг хувцас мэт өмс.
Ариун хот Иерусалим аа, гоё хувцсаа өмс.
Учир нь хөвч таслуулаагүй эсвэл бузар хүн чам руу дахин орохгүй.
2 Иерусалим аа, босоод тоосоо гөвж, суудалдаа суу.
Олзлогдсон охин Сион оо, хүзүүн дэх дөнгөө мултал.
3 Ехова ийн айлдаж байна.
«Та нарыг үнэгүй худалдсан.
Буцаагаад үнэгүй худалдаж авна».
4 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова:
«Анх миний ард түмэн цагаачилж амьдрахаар Египет рүү явсан.
Дараа нь ассиричууд тэднийг шалтгаангүйгээр дарласан» хэмээн айлдаж байна.
5 «Тэгвэл одоо би яах вэ?» гэж Ехова тунхаглаж байна.
Ехова ийн тунхаглаж байна. «Миний ард түмэн үнэгүй худалдагдсан.
Тэднийг захирдаг хүмүүс ялалтын уухай хадааж байна».
«Тэд миний нэрийг өдөр бүр гутаан доромжилдог.
6 Тиймээс миний ард түмэн нэрийг минь мэдэх болно.
Тэр өдөр намайг ярьж байгаа гэдгийг мэдэх болно.
Тийм ээ, би ярьж байна!».
7 Сайн мэдээ авчирдаг,
Амар тайвныг тунхагладаг,
Илүү сайхан зүйлийн тухай сайн мэдээ авчирдаг,
Авралын тухай зарладаг,
«Бурхан чинь Хаан болжээ!» гэж Сионд хэлдэг хүн* уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй вэ!
8 Сонс! Харуулууд чинь өндөр дуугаар,
Нэгэн зэрэг баяртай хашхирч байна.
Учир нь Ехова Сионы оршин суугчдыг дахин цуглуулахыг тэд тодорхой харна.
9 Иерусалимын балгас аа, хамтдаа баярлан хөөрч, баясан хашхир.
Учир нь Ехова ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг дахин худалдаж авсан.
10 Ехова бүх үндэстний өмнө ханцуйгаа шамлан ариун мутраа гаргав.
Бурхан ард түмнээ хэрхэн аврахыг* дэлхий даяараа харна.
11 Явцгаа, явцгаа. Тэндээс гарцгаа. Ямар ч бузар юманд бүү хүр!
Еховагийн өргөөний эд зүйлийг авч явдаг та нар
Тэр эмэгтэйгээс холдож, өөрсдийгөө цэвэр байлгацгаа.
12 Та нар явахдаа сандрахгүй.
Зугтах ч хэрэггүй.
Учир нь Ехова та нарын урд явна.
Израйлын Бурхан араас чинь хамгаална.
13 Миний зарц аливаад ухаалаг хандана.
Тэрбээр өндөр дээд байр суурь эзэлнэ.
Өргөмжлөгдөнө, хүндлэгдэнэ.
14 Гадаад төрх нь ямар ч хүнийхээс илүүгээр,
Сүрлэг байдал нь бүх л хүнийхээс илүүгээр зэрэмдэглэгдсэн тул
Олон хүн түүнийг хараад цочирдсоны адил
15 Тэрбээр олон үндэстнийг гайхшируулна.
Хаад түүнийг хараад дуугаа хураана.
Учир нь тэд хэний ч ярьж байгаагүй юмыг харна.
Хэний ч дуулгаж байгаагүй юмыг анхаарна.