Исаиа
50 Ехова ийн айлдаж байна.
«Би эхийг чинь явуулахдаа салалтын гэрчилгээ өгсөн гэж үү?
Би зээлдүүлэгчдийнхээ хэнд нь чамайг худалдсан юм бэ?
Та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан.
Та нарын нүглээс болж эх чинь хөөгдсөн шүү дээ.
2 Намайг ирэхэд яагаад хэн ч байгаагүй вэ?
Намайг дуудахад яагаад хэн ч хариулаагүй вэ?
Миний мутар зольж авч чадахааргүй богино юм уу?
Эсвэл аврах хүч надад байхгүй юм уу?
Би тэнгисийг зэмлэн ширгээж,
Гол мөрөнтэй газрыг цөл болгодог.
Ус байхгүйгээс загас нь өмхийрч,
Харангадаж үхдэг.
3 Би тэнгэрийг харанхуйгаар хувцаслаж,
Таараар хучдаг».
4 Ядарсан хүнд зөв үгээр хариулаасай* гэсэндээ
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова юу ярихыг минь надад заадаг*.
Тэрбээр өглөө бүр намайг сэрээдэг.
Шавь мэт сонсоосой гэсэндээ намайг* сэрээдэг.
5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова чихийг минь нээхэд
Би эсэргүүцээгүй.
Нүүрээ ч буруулаагүй.
6 Намайг цохих гэсэн хүмүүст би нуруугаа өгөв.
Сахлыг минь зулгаах гэсэн хүмүүст би хацраа өгөв.
Би доромжлуулж, нулимуулахаас айгаагүй, нүүрээ нуугаагүй.
7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова надад туслах учир
Доромжлуулсан юм шиг санагдахгүй.
Би нүүрээ цахиур мэт болгов.
Би шившиг болохгүйгээ мэднэ.
8 Намайг зөв шударга хэмээн тунхагладаг Нэгэн ойрхон байна.
Хэн намайг буруутгах* вэ?
Тэгвэл шүүх дээр очъё*.
Хэн надтай заргалдах вэ?
Тэгвэл наашаа хүрээд ир.
9 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова надад тусална.
Хэн намайг буруутай гэж тунхаглах вэ?
Тэд бүгдээрээ хувцас мэт элэгдэж
Дэнгийн эрвээхэйд идэгдэнэ.
10 Та нарын дундаас хэн чинь Еховагаас эмээж,
Зарцынх нь дуу хоолойг сонсдог вэ?
Хэн ямар ч гэрэлгүй, түнэр харанхуйд явсан бэ?
Тэр нь Еховагийн нэрд найдаж, Бурхнаасаа тусламж эрэг.
11 «Гал ноцоон,
Оч үсэргэж буй та нар бүгдээрээ
Галынхаа гэрэлд,
Асаасан очныхоо дундуур алх.
Та нар миний мутраас дараах зүйлийг авна.
Та нар зовж тарчлан хэвтэнэ.