Исаиа
42 Миний дэмждэг зарц,
Миний сайшаан сонгосон нэгнийг харагтун!
Би түүнд агуу хүчээ өгсөн.
Тэрбээр үндэстнүүдийн дунд шударга ёсыг тогтооно*.
2 Тэрбээр хашхирахгүй, чанга ярихгүй.
Гудамжинд ч дуугаа сонсгохгүй.
3 Тэрбээр гэмтсэн зэгсийг хугалахгүй.
Бөхөж буй зулыг унтраахгүй.
Үнэнч байж, шударга ёсыг тогтооно.
4 Дэлхий дээр шударга ёсыг тогтоотлоо эрчээ сулруулахгүй, бууж өгөхгүй.
Арлын оршин суугчид түүний хуулийг* найдан хүлээнэ.
5 Жинхэнэ Бурхан Еховагийн үгийг сонс.
Тэнгэрийг бүтээж сунгасан Агуу Нэгэн,
Газрыг дэлгэж, дээрх бүхнийг нь бий болгосон Нэгэн,
Газар дээр амьдардаг хүмүүст амьсгал өгсөн Нэгэн,
Түүн дээр алхдаг бүхэнд амийн хүч өгсөн Нэгэн ийн айлдаж байна.
6 «Ехова би шударга ёсыг тогтоолгохоор чамайг дуудсан.
Би чиний гараас атгасан.
Би чамайг хамгаалж, хүмүүсийн төлөө гэрээ,
Үндэстнүүдэд гэрэл болгоно.
8 Би бол Ехова. Энэ бол миний нэр.
Би өөрийн суу алдрыг хэнд ч өгөхгүй*.
Хүртвэл зохих магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.
9 Эрт цагт зөгнөн хэлсэн маань биелсэн.
Одоо би шинийг тунхаглаж байна.
Болохоос нь урьтаж би та нарт хэлж байна».
10 Еховад зориулж шинэ дуу дуул.
Дэлхийн хязгаараас түүнийг магтан дуул.
Тэнгис ба түүнийг дүүргэдэг бүхнээр амь зуугчид,
Арлууд ба тэдгээрийн оршин суугчид та нар дуул.
11 Зэлүүд газар ба тэр хавийн хотууд,
Кедарын хүмүүсийн амьдардаг суурингууд дуугаа өргөг.
Хадтай газрын хүмүүс баяртайгаар хашхираг.
Уулсын оройгоос хашхираг.
12 Еховад алдрыг өргөг.
Арлууд дээр түүнийг магтаг.
13 Ехова хүчит эр мэт дайтахаар явна.
Гал цогтой дайчин адил байна.
Дуугаа өндөрсгөн дайны уухай хадаана.
Дайснуудаасаа давуу хүчтэйгээ харуулна.
14 «Би удаан хугацаанд дуугүй байсан.
Дуугаа хураан, биеэ барьж байлаа.
Харин одоо амаржих гэж буй эмэгтэй шиг
Ёолон, амьсгаадан, бахардана.
15 Би уул толгодыг хоослон,
Өвс ургамлыг нь хатаана.
Голуудыг элсэн эрэг* болгож,
Зэгстэй цөөрмүүдийг ширгээнэ.
16 Би сохруудыг мэдэхгүй жимээр нь удирдаж,
Үл мэдэх замаар нь алхуулна.
Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгож,
Бартаа ихтэй замыг тэгш тал болгоно.
Тэдний төлөө хийх зүйл минь энэ юм. Би тэднийг орхихгүй».
17 Сийлмэл хөргүүдэд найдагчид,
Төмөр* шүтээнүүдэд «Та нар бидний бурхад» гэж хэлэгчид
Гэдрэг ухарч шившгээ дэлгэнэ.
18 Дүлий хүмүүс ээ, сонсоцгоо!
Сохор хүмүүс ээ, харцгаа!
19 Миний зарцаас өөр хэн сохор вэ?
Миний илгээсэн элч шиг хэн дүлий вэ?
Шагнал хүртсэн хүн шиг хэн сохор вэ?
Еховагийн зарц шиг хэн сохор вэ?
20 Чи олон юм хардаг хэр нь юу ч ажигладаггүй.
Чихтэй хэр нь юу ч сонсдоггүй.
21 Ехова зөв шударга учир
Хуулиа* дээдлэн өргөмжлөөд баярласан.
22 Гэвч энэ ард түмэн олзлогдож, хулгайлагдсан.
Бүгд нүхэнд хаягдаж, шоронд хоригдсон.
Тэднийг олзлоход хэн ч авраагүй.
Тэднийг хулгайлахад хэн ч: «Буцааж авчир!» гэж хэлээгүй.
23 Хэн чинь үүнийг сонсох вэ?
Ирээдүйн төлөө хэн үүнд анхаарлаа хандуулж, чих тавих вэ?
24 Иаковыг хэн олзлуулсан бэ?
Израйлыг хэн хулгайлуулсан бэ?
Ехова биш гэж үү? Бид түүний эсрэг нүгэл үйлдсэн.
Түүний замаар явахыг хүсээгүй.
Хуулийг нь сахихаас* татгалзсан.
25 Иймээс тэрбээр Израйлд хилэгнэн уурласан юм.
Аймшигт дайны хүнд хэцүүг үзүүлсэн юм.
Дайны гал эргэн тойронд нь асаж байсан ч Израйл анхаараагүй.
Галын дөлд хуйхлуулсан ч тэр тоогоогүй.