Элчүүдийн үйлс
6 Шавь нарын тоо нэмэгдэж байсан тэр үед грек хэлтэй иудейчүүд еврей хэлтэй иудейчүүдийн талаар гомдол гаргажээ. Энэ нь өдөр тутам хоол хүнс тараахдаа грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхраагүйгээс болсон ажээ. 2 Тиймээс 12 элч, шавь нарыг цуглуулаад «Хоол хүнс тараах гээд Бурхны үгийг заахаа хойш тавих нь сайн юм биш*. 3 Тиймээс ах дүү нар аа, Бурхны агуу хүчээр удирдуулдаг, мэргэн ухаантай, нэр хүндтэй 7 хүнийг дундаасаа сонго. Бид энэ ажлыг тэдэнд даалгая. 4 Харин бид залбирах болон Бурхны үгийг заахад өөрсдийгөө зориулъя» гэсэн нь 5 шавь нарын сэтгэлд нийцжээ. Тэгээд бат итгэлтэй, Бурхны агуу хүчээр удирдуулдаг Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен, иудейн шашинтан болсон Антиохын хүн Никол нарыг сонгов. 6 Тэднийг ирэхэд элчүүд залбираад гараа тэдэн дээр тавьжээ.
7 Үүний үрээр Бурхны үг түгэн тархсаар, Иерусалим дахь шавь нарын тоо улам бүр нэмэгдэж, тахилчдын дундаас олон хүн шавь болж байв.
8 Бурхны таалалд нийцдэг Стефан Бурхны өгсөн хүч чадлаар ард түмний дунд олон янзын гайхамшиг үйлдэж байлаа. 9 Тэгтэл Эрх чөлөөтнүүдийн синагог гэгдэх бүлгийн хэдэн хүн күренчүүд, александриачууд, Килик болон Азийн хэсэг хүнтэй нийлж Стефантай маргав. 10 Гэвч мэргэн ухаантай, Бурхны агуу хүчээр удирдуулдаг Стефаны үгийг няцааж чадсангүй. 11 Тиймээс тэд хэдэн хүнийг далдуур ятгаж «Тэр хүн Мосе болон Бурхныг доромжлон ярихыг бид сонссон» гэж хэлүүлэхээр болжээ. 12 Бас ард олон болон ард олны ахлагчид, хуулийн багш нарыг хутган үймүүлж Стефан дээр гэнэт очоод хүчээр барьж аван Иудейн дээд шүүхэд хүргэв. 13 Тэгээд хуурамч гэрчүүдийг авчрахад тэд: «Энэ хүн Бурхны сүмийг доромжилж, Хуулийн эсрэг юм ярьж явдаг. 14 Жишээлбэл, “Назарын Есүс сүмийг нурааж, Мосегийн дамжуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө” гэж ярьж явахыг нь бид сонссон юм» гэжээ.
15 Иудейн дээд шүүхийнхэн бүгдээрээ Стефаныг ширтэн харахад царай нь тэнгэрийн элчийнх мэт байв.