Сургаалт үгс
31 Лемуел хааны үг буюу эхийнх нь захиж хэлсэн үнэт сургаал.
2 Хүү минь ээ,
Хэвлийн үр минь ээ,
Тангаргийн хөвгүүн минь ээ, ээжийнхээ үгийг сонсооч.
3 Эмс охидоос болж хүчээ бүү бар.
Эзэн хаадыг сүйрүүлдэг зам дээр хөлөө бүү тавь.
4 Дарс уух нь хаан хүнд зохихгүй ээ, Лемуел минь.
Хаан хүнд зохихгүй.
Архи сархад нэхэх нь захирагч хүнд зохихгүй.
5 Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,
Дорд ядуусын эрхийг уландаа гишгэх вий.
6 Мөхөж буй хүмүүст сархад барь.
Гашуун зовлон үзэж буй хүмүүст дарс хундагал.
7 Тэд уугаад ядуу зүдүү амьдралаа мартаг.
Гай зовлонгоо дахиж бүү санаг.
8 Өөрийгөө өмгөөлж чадахгүй хүмүүсийг өмгөөл.
Мөхөж байгаа бүхний эрхийг хамгаал.
9 Тэднийг өмгөөлж шударгаар шүү.
Дорд ядуусын эрхийг хамгаал.
א [алэф]
10 Хэн сайн* эхнэр олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс* ч үнэтэй.
ב [бэт]
11 Нөхөр нь түүнд зүрхнийхээ угаас итгэх бөгөөд
Юугаар ч үл дутна.
ג [гимэл]
12 Насан туршдаа тэрбээр
Эр нөхөртөө мууг бус, сайныг л үйлддэг.
ד [далэт]
13 Маалинга, ноосыг тэрбээр олж авдаг.
Маш баяртайгаар ажилладаг.
ה [хэ]
14 Худалдаачны хөлөг онгоцнууд мэт
Холоос хоол хүнсээ зөөдөг.
ו [вав]
15 Харуй бүрийгээр босож,
Хамаг гэрийнхнийхээ хоол ундыг бэлдэж,
Шивэгчин бүсгүйчүүлдээ ч хувь хүртээдэг.
ז [заяин]
16 Сайтар бодоод талбай худалдан авч,
Сайн ажиллаад* усан үзмийн цэцэрлэг байгуулдаг.
ח [хэт]
17 Хүнд хүчир ажилд ханцуй шамлан орж,
Өөрийн гараар шаргуу хөдөлмөрлөдөг.
ט [тэт]
18 Арилжаа наймаа нь ашиг өгнө гэж мэдээд
Шөнө дүл болтол дэнлүүгээ үл бөхөөнө.
י [еөд]
19 Нэг гартаа дамар,
Нөгөө гартаа ээрүүл барина.
כ [каф]
20 Гачигдагсдад гараа сунгадаг.
Ядууст алгаа дэлгэдэг.
ל [ламэд]
21 Цас ороход гэрийнхэндээ санаа зовохгүй.
Учир нь тэд бүгд дулаан хувцастай.
מ [мэм]
22 Орны бүтээлгээ өөрөө урладаг.
Маалинга, нил ягаан ноосон хувцас өмсдөг.
נ [нүн]
23 Хотын үүдэнд, нутгийн ахлагчдын дунд суугаа нөхрийг нь
Хүн бүхэн таньдаг.
ס [самэх]
24 Маалинган хувцас оёж худалдан,
Худалдаачдад бүс нийлүүлдэг.
ע [аяин]
25 Хүч чадалтай, цог золбоотой тэр бүсгүй
Ирээдүйгээ итгэлтэй хардаг.
פ [пэ]
26 Үг яриа нь цэцэн цэлмэг.
Үнэнч хайраар зааж сургадаг.
צ [цади]
27 Гэр орондоо болж буй бүхнийг ажигладаг бөгөөд
Залхуурахыг үл мэднэ.
ק [көф]
28 Үр хүүхэд нь босож зогсоод ээжийгээ жаргалтай хэмээнэ.
Нөхөр нь босож зогсоод түүнийг магтана.
ר [рэш]
29 «Сайн* эмэгтэйчүүд олон ч
Чи минь тэднээс илүү билээ» гэнэ.
ש [шин]
30 Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн зуурдынх* байж болно.
Харин Еховагаас эмээдэг эмэгтэй магтаал хүртэнэ.
ת [тав]
31 Хийж бүтээснийх нь шагналыг түүнд өг.
Ажил үйлсийнх нь төлөө түүнийг хотын хаалганы дэргэд магтах болтугай.