Нэгдүгээр Самуел
18 Давидыг Саултай ярьж дууссаны дараахан Ионатан Давидтай анд бололцож, өөрийгөө хайрладаг шигээ Давидыг хайрлах болжээ. 2 Тэр өдрөөс хойш Саул Давидыг дэргэдээсээ холдуулсангүй. Эцгийнх нь гэр лүү ч явуулсангүй. 3 Ионатан өөрийгөө хайрладаг шигээ Давидыг хайрласан тул тэд хоорондоо гэрээ байгуулав. 4 Ионатан өмсөж байсан ханцуйгүй дээлээ тайлж, хуяг дуулга, илд, нум, бүснийхээ хамт Давидад өгчээ. 5 Давид дайн тулаанд явдаг болж, Саулын илгээсэн газар бүрд амжилт олж* байлаа. Тиймээс Саул цэргүүдээ Давидаар ахлуулжээ. Энэ нь бүх ард түмэн болон Саулын албатуудад таалагдав.
6 Давид цэргүүдтэйгээ филистчүүдийг бут цохиод эргэж ирэхэд эмэгтэйчүүд баяр хөөр болсоор Израйлын бүх хотоос гарч ирэн хэнгэрэг цохиж, пийпаа тоглон дуулж бүжсээр Саул хааныг угтдаг байжээ. 7 Эмэгтэйчүүд баяр хөөр болж:
«Саул дайснуудаа мянга мянгаар нь,
Давид түм түмээр нь хөнөөв» гэж дуулдаг байв.
8 Саулд тэр дуу таалагдаагүй тул ихэд уурлан «Тэд Давидад түм түмийг, надад мянга мянгыг хамаарууллаа. Одоо түүнд хаан ширээ л дутаж байх шив» гэлээ. 9 Түүнээс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.
10 Дараагийн өдөр нь Давидыг урьдын адил босоо ятга тоглож байхад Саул муу бодолдоо эзэмдүүлэн гэр дотроо галзуу хүн шиг аашилж* эхлэв. Саулын гарт жад байлаа. 11 Тэгээд «Давидыг хананд хадъя» гэж бодоод жадаа шидлээ. Давид жаднаас хоёр ч удаа бултав. 12 Ехова Саулыг орхиж Давидтай хамт байсан тул Саул Давидаас айж байлаа. 13 Тиймээс Саул Давидыг мянгатын захирагчаар томилж өөрөөсөө холдуулжээ. Давид цэргүүдээ удирдан тулалдаанд ордог байв. 14 Тэрбээр юу ч хийсэн амжилт олж байсан бөгөөд Ехова түүнтэй хамт байлаа. 15 Давидын бүх үйлс бүтэмжтэй байгааг Саул хараад түүнээс улам их айх болжээ. 16 Харин Израйл, Иудагийн бүх хүн Давидыг хайрладаг байв. Учир нь Давид тэдний тэргүүнд аян дайнд явдаг байлаа.
17 Хожим нь Саул Давидад «Энэ миний том охин Мераб. Би түүнийг чамд эхнэр болгон өгье. Харин чи цаашид ч миний төлөө баатарлагаар тулалдаж, Еховагийн дайнуудад явах ёстой» гэжээ. Саул: «Би өөрөө түүнийг хөнөөх хэрэггүй юм байна. Харин филистчүүдээр хөнөөлгөе» гэж дотроо бодож байлаа. 18 Тэгэхэд нь Давид: «Хааны хүргэн болох гэдэг би хэн сэн билээ? Миний хамаатнууд, эцгийн маань гэрийнхэн ч Израйлд юу юм бэ?» гэлээ. 19 Гэвч Саулын охин Мерабыг Давидтай суулгах болоход Саул охиноо аль хэдийн Мехолагийн хүн Адриелд эхнэр болгон өгсөн байлаа.
20 Саулын охин Михал Давидад сэтгэлтэй болжээ. Саул энэ тухай сонсоод таашаан хүлээж авав. 21 Саул: «Би түүнд охиноо өгье. Охин минь түүнд урхи болж, Давид филистчүүдийн гарт амиа алдана» гэж боджээ. Саул хоёр дахь удаагаа Давидад «Одоо чи миний хүргэн бол» гэлээ. 22 Мөн Саул зарц нартаа тушаан «Та нар Давидтай хувьчлан ярьж “Хаан чамд их талтай байна. Хааны зарц нар ч чамайг их үнэлдэг. Тэгэхээр чи хааны хүргэн бол” гэж хэл» гэжээ. 23 Саулын зарц нар дээрх үгийг Давидад хэлэхэд тэрбээр: «Над шиг бэл бэнчингүй, эгэл дорд хүн хааны хүргэн болно гэдэг тийм хялбархан бүтэх хэрэг гэж та нар бодоо юу?» хэмээн хариулжээ. 24 Зарц нар нь Саулд Давидын үгийг хэлэв.
25 Саул: «Та нар Давидад ингэж хэл. “Хаан инж авахыг хүсэхгүй байгаа. Харин дайснуудаас нь өшөө авч, 100 филист хүний тээрхийн арьсыг авчрахыг хүсэж байна”» гэжээ. Саул Давидыг филистчүүдээр алуулах санаатай байлаа. 26 Саулын зарц нар үүнийг Давидад хэлэхэд хааны хүргэн болох болзол түүнд таалагдав. Товлосон хугацаа дуусахаас өмнө 27 Давид Саул хааны хүргэн болохын тулд эрчүүдийнхээ хамтаар 200 филист эрийг хөнөөгөөд тэдний тээрхийн арьсыг хаанд тоо ёсоор нь аваачиж өгчээ. Ингээд Саул охин Михалаа Давидад эхнэр болгон өглөө. 28 Саул Еховаг Давидтай хамт байгааг, мөн охин Михал нь Давидад хайртай болсныг хараад 29 Давидаас улам их айж, үлдсэн амьдралынхаа турш Давидад дайсагнасан юм.
30 Филистийн захирагчид халдан довтлох болгонд Давид Саулын зарц нарын хэнээс нь ч илүү амжилт олж байлаа. Давидын нэр ихэд алдаршив.