Нэгдүгээр Самуел
8 Самуел нас дээр гарч, хөвгүүдээ Израйлын шүүгчид болгов. 2 Ууган хүүг нь Иоел, удаах хүүг нь Абиа гэдэг бөгөөд тэд Беершебад шүүдэг байжээ. 3 Гэвч тэд эцгийнхээ үлгэр дуурайлыг дагасангүй. Шударга бусаар ашиг олж, хээл хахууль авч, шударга ёсыг гажуудуулав.
4 Тэр үед Израйлын бүх ахлагч цуглаж, Рамад Самуел дээр очив. 5 Тэд: «Та өтөлж, таны хүүхдүүд ч үлгэр дуурайлыг тань дагахгүй байна. Тийм болохоор биднийг захирах хаантай болгож өгөөч. Бусад бүх үндэстэн хаантай шүү дээ» гэв. 6 «Биднийг захирах хаантай болгож өгөөч» гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцээгүй тул тэрбээр Еховад залбирчээ. 7 Ехова Самуелд «Чамд хэлж байгаа ард олны үгийг бүгдийг нь сонс. Яагаад гэвэл тэд чамайг биш, намайг голж, хаанаа гэж үзэхгүй байгаа юм. 8 Тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөг хүртэл тэд надад ингэж хандаж ирсэн юм. Намайг орхиж өөр бурхдыг шүтсээр ирсэн. Чамд ч бас адилхан хандаж байгаа нь энэ. 9 Чи одоо тэдний үгийг сонс. Гэхдээ хаантай болбол хаан юу шаардах эрхтэйг нь тэдэнд хатуу сануулж хэлэгтүн!» гэжээ.
10 Тиймээс Самуел хаантай болгож өгөхийг гуйсан ард олонд Еховагийн хэлсэн бүх үгийг дамжуулав. 11 Самуел: «Та нарыг захирах хаан дараах зүйлийг шаардах эрхтэй. Хөвгүүдийг чинь авч морин тэрэгний хөтөч, морьт цэрэг болгоно. Бас заримыг нь тэрэгнийхээ урд гүйлгэнэ. 12 Хаан өөрийнхөө төлөө мянгат, тавьтын дарга нарыг томилно. Зарим хүнээр газраа хагалуулж, ургацаа хураалган, дайтах зэр зэвсэг, тэрэгнийхээ тоноглолыг хийлгэнэ. 13 Охидыг чинь анхилуун үнэрт тос найруулагч*, тогооч, талхчнаа болгоно. 14 Талбай, усан үзмийн модод, чидун моддын чинь хамгийн сайныг авч, зарц нартаа өгнө. 15 Тариан талбай, усан үзмийн талбайн ургацын чинь аравны нэгийг авч, ноёд түшмэд, зарц нартаа өгнө. 16 Мөн та нарын боол шивэгчид, хамгийн сайн үхэр, илжигнүүдийг чинь авч өөрийнхөө ажилд зүтгүүлнэ. 17 Сүргийн чинь аравны нэгийг авч, бас та нар түүнд зарагдана. 18 Хаанаар сонгосон хүнээсээ болоод тусламж гуйн хашхирах өдөр та нарт ирнэ. Тэр үед Ехова та нарыг сонсохгүй» гэж хэлжээ.
19 Гэвч Самуелын тэдэнд хэлсэн үгийг ард олон үл тоон «Бид хаантай болохоор хатуу шийдсэн. 20 Хаантай болбол бид бусад үндэстэнтэй адилхан болно. Хаан биднийг шүүж, удирдаж, дайснуудтай маань тулалдана» гэцгээв. 21 Самуел тэдний үгийг бүгдийг нь сонсоод Еховад нэг бүрчлэн уламжилжээ. 22 Ехова Самуелд «Ард олныг сонсож, тэднийг захирах хааныг томил» гэв. Ингээд Самуел израйлчуудад «Та нар хот хот руугаа буцацгаа» гэлээ.