Даниел
12 Тэр цагт ард түмний чинь талд зогсдог агуу жонон Михаел* өндийн босно. Үндэстэн бий болсноос хойш эдүгээг хүртэл болж байгаагүй хэцүү цаг болно. Тэр үед чиний ард түмэн буюу номд бичигдсэн хүн бүр амь аврагдана. 2 Газрын хөрсөнд нойрсож буй олон хүн сэрнэ. Зарим нь мөнх амьдарна, зарим нь үүрдийн шившиг болно.
3 Хэрсүү ухаантнууд тэнгэрийн уудамд гийх гэрэл мэт тод гэрэлтэнэ. Олныг зөв шударга болгогчид од мичид мэт үүрд мөнхөд гялалзана.
4 Даниел чи энэ үгийг нууцалж, төгсгөлийн цаг болтол энэ номыг лацад. Олон хүн үүнийг сайтар судалж*, жинхэнэ мэдлэг өргөн дэлгэр тархана».
5 Дараа нь Даниел би өөр хоёр хүнийг харав. Нэг нь голын наад эрэг дээр, нөгөө нь голын цаад эрэг дээр зогсож байлаа. 6 Тэгтэл нэг нь голын усан дээр зогсож буй маалинган хувцастай хүнээс «Энэ гайхамшигт явдал хэр удаан үргэлжлэх вэ?» гэж асуув. 7 Голын усан дээр зогсож буй маалинган хувцастай тэр хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд өргөөд мөнхөд амьд байгч Нэгнээр тангараглан «Товлосон хугацаанд буюу нэг үе, хоёр үе, хагас үе* үргэлжлэх юм. Ариун хүмүүсийн хүч чадлыг шавхаж дуусмагц энэ бүхэн төгсөнө» гэж хэлэхийг би сонсов.
8 Би сонссон боловч ойлгоогүй тул «Эзэн минь ээ, энэ бүхний эцэст юу болох вэ?» гэж асуулаа.
9 Тэр надад хэлсэн нь: «Даниел минь яв даа. Энэ үгийг нууцалж, төгсгөлийн цаг хүртэл лацадсан байх ёстой. 10 Олон хүн өөрийгөө цэвэрлэж, хир буртгаасаа салан, ариусна. Хар санаатнууд бузрыг үйлдэнэ. Тэдний нэг нь ч энэ үгийг ойлгохгүй. Харин хэрсүү ухаантнууд ойлгоно.
11 Өдөр бүрийн тахилыг болиулж, сүйрүүлэх бузар юмыг тавьсан цагаас хойш 1 290 хоног байх юм.
12 Тэвчээртэй* хүлээж 1 335 хоногийг дуусгасан хүн жаргалтай!
13 Харин чи төгсгөл хүртэл үнэнч байгаарай. Чи амарна. Гэхдээ өдрүүдийн төгсгөлд хувиа хүртэхээр* босно».